“Улаанбаатар марафон 2025”-д гүйхээр 23 мянган хүн бүртгүүлжээ

“Улаанбаатар марафон 2025”-д гүйхээр 23 мянган хүн бүртгүүлжээ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна.

Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т бүртгүүлжээ. Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 2100 гаруй хүн бүртгүүлсэн нь энэ төрөлд гүйх хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Бүтэн марафон болох 42 км-ийн зайд 322 хүн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2727 хүн бүртгүүлсэн.

Өнгөрсөн жил гэр бүлийн гүйлтэд нийт 1400 гаруй хүн бүртгүүлж байсан бол энэ жил 3500 гаруй хүн бүртгүүлсэн нь мөн л өмнөх оныхоос энэ төрөлд гүйгчдийн тоо хоёр дахин өссөн тоо юм. Тусгай олимпын төрөл 500 метр, 800 метрийн зайд 130 хүн бүртгүүлжээ.  “Улаанбаатар марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна. 

  • Спортын төв ордон (1 давхарт) - /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
  • Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг) - /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
  • Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг) - /1,5км, 5км/
  • Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороо - /1,5км, 5км/
  • Энгэрийн дугаар олгох цэгүүдийн цагийн хуваарь:
  • Хангарди ордон 8:00-19:00
  • Спортын төв ордон 9:00-19:00
  • Соёлын төв өглөө 11:00-19:00

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөг энэ сарын 24-ний Бямба гарагт болно.