Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг хойшлуулшгүйгээр баривчлахаар АТГ-ын мөрдөгчид ажиллаж байгаа талаар бид өчигдөр /2025.05.20/ мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр болсон ажиллагаагаар түүнийг хойшлуулшгүйгээр саатуулаагүй байна. Харин Ж.Хатанбаатарын хамаарал бүхий байгууллагуудад нэгжлэг хийж, тайлбар мэдүүлэг авчээ. Улмаар өнөөдөр /202.05.21/ түүнийг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг яг одоо Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Хатанбаатарыг нэр бүхий дөрвөн хүний хамт цагдан хорихоор санал хүргүүлсэн байна.
Тэднийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, Олон улсын байгууллагаас Монголын СОС хүүхдийн хотхоны холбоонд олгосон их хэмжээний санхүүжилтийн мөнгийг завшсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эргэн сануулахад, Нийслэлийн өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатарын эзэмшилд олон жил болсон эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл авч, улмаар барилгынг нурааж, талбайг цэвэрлэж байгаа. Харин эл эмийн үйлдвэрийг нурааж, "Хатанбаатар" эмнэлгийг нийслэлийн өмчид шилжүүлж авсан үйл явцыг Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатар шүүмжилж, ил захидал хүртэл бичиж байсан юм.