НББХ: “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл”-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

НББХ: “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл”-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд боловсруулсан бөгөөд хүн төвтэй хөгжилд тулгуурлан бизнесийн орчны шинэчлэл, чөлөөт эдийн засгийг цогцлоохыг зорьсон байна. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа орон нутаг дахь ядуурлыг бууруулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд 150 мянган айлын орон сууцны дийлэнхийг орон нутагт бариулж, гүйцэтгэгчээр Монгол хүн, Монгол ААН-ийг ажиллуулах нь ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах юм.

Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний тогтоолын төслийн 1 болон 2 дугаар хавсралттай холбоотой зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хурааж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ЭЗБХ-нд байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар болов. Мөн тогтоолын төслийн хэрэгжилтэд ЭЗБХ-д хяналт тавьж ажиллахыг даалгав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, А.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн “Цусны донорын тухай хуулийн төсөл”, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төсөл”-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Цусны донорын тухай хууль анх 2000 онд батлагдаж , 2012, 2015, 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Хуулийн төслийг Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн бодлоготой холбогдуулан 8 бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээг авах хүртээмж нэмэгдэх, салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа, нийгмийн халамж, урамшуулал сайжирч, донорын тоо нь нэмэгдэх улмаар гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Мөн нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн бичигдсэн “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төсөл”-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тухайд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Донорын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг дэмжив.