МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны баг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбигийн үеийн бунхант булшны авран хамгаалах археологийн малтлага судалгааг эхлүүлээд байна.
Уг дурсгалт газрыг анх 2019 оны намар шинээр нээн илрүүлж, улмаар 2022-2024 оны хооронд нарийвчилсан хэмжилт, 3D баримтжуулалт зэрэг судалгааг үе шаттайгаар хийжээ. Энэ удаагийн малтлагаар Сяньбигийн язгууртны гурван булш, жирийн иргэдийн хоёр булш хамрагдаж буй. Хамгийн анхаарал татаж буй нь язгууртны нэг булш хөндөгдөөгүй, анхны бүрэн бүтэн байдлаараа хадгалагдан үлдсэн явдал юм. Уг булшны тахилын хэсгээс онцгой сонирхол татахуйц олдворууд илэрчээ. Тухайлбал Модон авс, тахилгын сүйх тэрэг, морьд бүхий тахилга илэрсэн байна. Язгууртны булшинд зэрэгцээ байрлуулсан хоёр модон авс илэрсэн бөгөөд нэг авсыг хөх болон шаргал өнгийн зузаан даавуугаар бүрэн ороож, хадгалсан байв. Авсны толгойн хэсгийн даавуун дээр хар бэхээр зурсан зураг, тэмдэг маш тод, сайн хадгалагдсан нь судлаачдын анхаарлыг татаж байна.
Мөн тахилын хэсгээс хар болон зээрд (хондон) зүсмийн хоёр модон морь, модон сүйх тэрэг, ташмаг хэлбэрийн шавар ваар болон бусад сонирхолтой олдворууд илрээд байна. Эдгээр нэн үнэт археологийн олдворыг зөөвөрлөх, хадгалах, сэргээн засварлах ажилд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судлаачид хамтран оролцож байгаа юм.