ШУУРХАЙ: Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар АТГ-ын мөрдөгчид ажиллаж байна

ШУУРХАЙ: Ардын эмч Ж.Хатанбаатарыг баривчлахаар АТГ-ын мөрдөгчид ажиллаж байна

Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг АТГ-ын мөрдөгчид хойшлуулшгүйгээр баривчлахаар яг одоо ажиллаж байгаа талаарх мэдээлэл цацагдав.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ж.Хатанбаатарыг прокурорын зөвшөөрлөөр АТГ-ын мөрдөгчид баривчлахаар ажиллаж байгаа нь үнэн" гэлээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захиармж гарган, Ж.Хатанбаатарын үйл ажиллагаа явуулж байсан эмийн үйлдвэрийг нурааж, эмнэлгийг нийслэлийн өмчид шилжүүлж авсан. Харин тэрбээр энэхүү үйл явцыг шүүмжилж байсан юм. 

Тодотговол, ардын эмч Ж.Хатанбаатар энэ талаар “Уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэхэд Монголдоо анхдагч нь байсан эмийн үйлдвэрийг нурааж, хогийн цэг рүү ачуулснаа гавьяа байгуулсан мэтээр хотын дарга нар хэрхэн “сурталчилсныг” олон түмэн харсан. Хотын удирдлагын энэхүү хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс түдгэлзүүлээд байхад, хотын дарга өөрийн биеэр гарч ирээд уг газрыг "Дуудлагаар худалдана" гээд лайвдаж байна. Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад, ямар том эрх ашиг хотын даргаар өөрөөр нь лайв хийлгэж чадаж байна аа. Хууль зөрчиж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаа өөрөө батлан гүйж гарч ирж “сурталчилгаа” хийж байгаа хотын дарга эмийн үйлдвэрийн газрыг хэнд өгөхөөр улайрч байна вэ.

Нөгөөтэйгүүр, Шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан газар дээр дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа чинь Эрүүгийн хуулиар бол залилангийн гэмт хэрэг биш үү. Шүүхээс түдгэлзүүлсэн газрыг авна гэж мөнгөө төлөөд ирж байгаа компаниудад энэ талаарх мэдээллээ Х.Нямбаатар ил тод өгч байгаа юу. Монгол Улсын төр засаг үргэлж өнөөгийнх шиг Х.Нямбаатарын хууль бус үйлдлийг хараагүй царайлж суухгүй, бас хууль ярьдаг хэрэгжүүлдэг цаг ирэх нь мэдээж. Тэгэхэд шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад хууль зөрчин явуулсан дуудлага худалдаа хүчингүй болоход мөнгөө төлж дуудлага худалдаанд оролцогчид яах уу” гэдэг асуудлыг хөндсөн байсан.

Өөрөөр хэлбэл, шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарсан байхад, хотын дарга дуудлага худалдаа явуулна гэж зарлаж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг илчилсэн. Хотын даргын хууль бус үйлдлийг илчилсэн намайг АТГ баривчлах биш, харин хууль бус юм хийгээд байгаа хотын даргаа зогсоох ёстой байсан бус уу. Хотын дарга Х.Нямбаатар хууль, шүүхийн шийдвэрийн дээгүүр туучин Монголын уламжлалт гэсэн бүхнийг үзэн ядах мэт нурааж, устгаж байгааг хараад л суух уу Д.Амарбаясгалан дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ" хэмээж байсан юм.