Ц.Чимидцэрэн: Тусгай урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Фронт” С.Цэгмид нартай 101 насандаа Улаан талбайд Ялалтын парад үзсэндээ баяртай байна /ВИДЕО/

Ц.Чимидцэрэн: Тусгай урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Фронт” С.Цэгмид нартай 101 насандаа Улаан талбайд Ялалтын парад үзсэндээ баяртай байна /ВИДЕО/

1939 онд 15 настайдаа цэрэгт явж Халх голын дайн, 1945 оны дэлхийн хоёрдугаар дайнд сувилагчаар ажиллаж байсан өдгөө 101 насыг зооглож буй Ц.Чимидцэрэн гуайтай бид ярилцлаа. Түүнд ОХУ-ын Монгол Улс дахь элчин сайдын яамнаас Ялалтын баярт оролцох тусгай урилга өгсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмад дайчин Ц.Чимидцэрэн, С.Цэгмид нарын хамт арав хоногийн өмнө Москвад очоод ирсэн билээ.

ВИДЕО:

-Ерөнхийлөгчтэй хамт Москвад очиж Ялалтын баяр үзээд иржээ. Хол замд ядрав уу. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Гүррагчаа нарын арав гаруй хүнтэй Ялалтын баярт оролцохоо явсан. Москва чинь их хол газар юм байна. Зургаан цаг нисэж Москвад хүрсэн. Москва их сайхан хот юм билээ. Москвагийн жагсаал, парад бүх юмыг нь үзлээ, харлаа, гоё юм байна. Тусгай урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Фронт” С.Цэгмид нарын хамт 101 насандаа Улаан талбайд Ялалтын парад үзсэндээ баяртай байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ "БҮГДЭЭРЭЭ ЭНД САЙН ЯВААД ИРЛЭЭ" ГЭЖ ХЭЛСЭН-

-“Фронт” С.Цэгмид гуай та хоёр бие биенээ мэддэг байсан уу?

-“Фронт” С.Цэгмидийг би танихгүй байсан. Дайны үед Москва хотод бэлэг хүргэж очсон С.Цэгмид гэдэг авгайтай хамт явсан. С.Цэгмид хүү, бэр, ач охинтойгоо очсон байсан. Тэр 102 настай, нилээн ядруу ч ухаан санаа нь саруул хүн байна лээ. Бид хоёр яах вэ дажгүй яваад ирсэн. Дундговийн хүн юм билээ. Насаараа мал малласан, хар бор ажил хийсэн гэж надад өөрөө ярьсан. Долоон хүүхэд төрүүлсэн юм байна. Дөрвөн хүүхдээ алдсан гэж байна. Насаараа мал маллаад мянгат малчин болсон гэж надад ярьж байсан.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та хоёрт хандаж ямар нэг үг хэлж, бэлэг дурсгалын зүйл гардуулж харагдсан?

-Ерөнхийлөгч нэг их үг яриагүй. Харин “Бид нар энд сайн яваад ирлээ” л гэж ярьж байсан.

-Таны хөдөлмөр, хичээл зүтгэлийг Төр засгаас хэрхэн үнэлж байв?

-Намайг төр засгаас Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан. Хоёр өрөө байраар шагнаж байсан. Зөндөө олон одон медалиудыг авсан даа. Сая очихдоо Путингийн медалийг авсан. Путинтэй дөрвөн удаа уулзсан. Медведевтэй нэг удаа уулзсан. 

-15 НАСТАЙДАА ААВДАА Ч ХЭЛЭЛГҮЙ ЦЭРЭГТ ЯВЖ БАЙЛАА-

 -Та 15 насандаа цэрэгт явсан гэхээр тухайн үед их зориг гаргасан юм шиг санагдаж байна. Тухайн үед аав ээж тань хэрхэн хүлээж авч байв?

Манай ижий байхгүй. Намайг зургаан настай байхад нас барсан. Аав маань хөдөө мал дээрээ байсан. Аавдаа ч хэлээгүй, хэнд ч хэлээгүй би явсан. Аав минь намайг хаашаа явсныг мэдээгүй. Сүүлд мэдсэн биз.

1939 онд Баяндум сумаас 16 охин сайн дураар цэрэгт явсан.Тухайн үед Баяндун сумын эвлэлийн үүрийн дарга Аюуш гэдэг хүн бидэнд яриа таниулга хийж байсан. Баянцагаан, Халхын гол, Хайлааст манхан, Адаг долоон гэдэг газраар Япончууд маш хүчтэй довтолж байна гэж ярьсан. Та нар удахгүй морин өртөөгөөр аймгийн төв рүү явна гэсэн. Бид үхэр тэргээр 7 өдөр явж очсон. Тэгээд очсон чинь биднийг цэргийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэнд бид гурав хоног амарсны дараа цэргийн сургагч Логнов гэдэг хүн биднийг ажилд хуваарилсан. Намайг сувилагчаар, бусад хүмүүсийг маань индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч гэх мэт ажилд хуваарилсан.Тэгээд бид ажилдаа орсон.

-Дайны үед сувилагчаар ажиллахад ямар байсан бэ?

-Манай шархтанууд их хүнд байсан. Өөрийн ухаангүй галзуу, шархны халуунтай байсан. Бөмбөгний шарх авсан улсууд бол ер нь хоёр гурав хоноод, орилж бахирч байгаад, аав ээжийгээ ч дууддаг юм уу, авгай хүүхдээ ч дууддаг юм уу баахан хүний нэр хэлж байгаад л явчихдаг байсан. Бууны шарх бол яах вэ идээ будааг нь угааж арчаад байхад хүн болж л байгаа юм.

-1939, 1945 ОНЫ ДАЙНД СУВИЛАГЧААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ, ОЛОН МОНГОЛ ЦЭРГҮҮДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ЯВЛАА-

-Тэр үед танд хүнд хэцүү санагдсан, айж сандарсан зүйл байсан уу?

-Хүн зорьж явсан юмандаа их мэрийдэг юм байна. Айж сандрах зүйл гайгүй байсан. Шархны халуунтай улсууд чинь биднийг зодно. Самурайнуудыг харааж хашгична. Тэр хүмүүсийн ам нь цангахаар бид амыг нь нойтон марль-иар норгоно. Тэгж л бид нар ажилласан даа.

-Таныг 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд хоёуланд нь сувилагчаар ажилласан гэж дуулсан. Чөлөөлөх дайны үед хэрхэн үүрэг гүйцэтгэж байв?

-Манай дарга Чойнзон хурандаа 1945 онд бидэнтэй уулзаад дахиад эмнэлэг байгуулах боллоо. Сувилагчаараа дахиад ажиллах болж дээ гэсэн. Ингээд 1945 онд Тамсаг булгийн 27-р отрядад үүрэг гүйцэтгэсэн.

-Дайны дараа та хаана ямар ажил хийж, хэрхэн амьдарсан бэ?

-1950 онд хилийн отрядуудыг бүгдийг татан буулгах хүртэл би сувилагчаараа ажиллаж байсан. Тэгээд 1950 онд Улаанбаатар хотод ирж Туул ресторан, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль гэх мэт хэд хэдэн газар тогоочоор ажилласан. Тамсаг булгийн 27 дугаар отрядад байхдаа ханьтайгаа танилцаж гурван охин нэг хүүгийн ээж аав болсон доо.

-Бидэнд өөрийн бахархам түүхээ хуваалцсанд баярлалаа.