ВИДЕО: Израилын тал Сирийн Батлан хамгаалах яамны бүсэд цохилт өгчээ

ВИДЕО: Израилын тал Сирийн Батлан хамгаалах яамны бүсэд цохилт өгчээ

Израилын зэвсэгт хүчин өчигдөр /2025.07.16/ Сирийн нийслэл Дамаск хот дахь стратегийн ач холбогдолтой хэд хэдэн объект, түүний дотор Батлан хамгаалах яам зэрэг бүсэд пуужингийн цохилт өгчээ. Израиль уг ажиллагааг Сирийн өмнөд хэсэгт зохион байгуулсан Друзуудын бослогыг дарах зорилготой засгийн газрын цэргийн ажиллагаанд хариу болгон явуулсан гэж мэдэгдсэн байна. 

Тодруулбал,  уг мөргөлдөөн анх бедуин болон друз үндэстний бүлэглэлүүдийн хоорондын зөрчлөөс эхэлсэн бөгөөд хожим нь Сирийн армийн оролцоотойгоор бүрэн хэмжээний зэвсэгт тулалдаанд хүрсэн байдаг. Друзуудын зүгээс нутгийн эрх ашгийг хамгаалах нэрийн дор эсэргүүцэл өрнүүлсэн бол Сирийн засгийн газар энэхүү бослогыг “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үймээн самуун” хэмээн нэрлэж, цэргийн хүчээр дарах оролдлого хийжээ. 

Харин Израиль Друзуудыг дэмжиж байгаа байр суурь илэрхийлээгүй ч тэдний эсрэг Сирийн засгийн газрын хүчирхийлэлд хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн гэж Израилын армийн төлөөлөгч мэдэгджээ. BBC агентлагийн мэдээлснээр, мөргөлдөөн одоогоор намжих шинжгүй байгаа бөгөөд иргэний хохирол нэмэгдэж болзошгүй байгаа аж. 

Эх сурвалж: BBC