Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +29…+34 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.