Цагдаагийн байгууллагаас төрсөн Анхны Үйлчилгээний гавьяат, Ахлагч бүрэлдэхүүндээ хоёр дахь гавьяат. Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Н.Ганхуяг. Амьдралынхаа 42 жилийг жолооны хүрдний ард өнгөрүүлсэн тэрбээр цагдаагийн байгууллагад 28 жил долоон сар ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан аж. Түүнтэй уулзаж ийн ярилцав.
ВИДЕО:
-Цагдаад ажилласан энэ хугацаанд ямар ямар албанд ажиллаж байв гэдгээс яриагаа эхлүүлье
-Жолооч болоод 42 жил болж байна. Цагдаагийн байгууллагад 28 жил долоон сар ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан. Жолооны үнэмлэх авсан цагаасаа хойш жолоочийнхоо үүргийг гүйцэтгэсэн. Цагдаагийн ерөнхий газрын авто бааз гэдэг нь цагдаагийн бүх албанд үйлчилдэг үйлчилгээний байгууллага байсан. Тээврийн цагдаагийн алба хуучнаар хот хоорондын тасаг гэдэг. Орон нутагт болохоор хурдны замын хэсэг гэж байсан. Тэр байгууллагад 2001-2015 он хүртэл 14 жил ажилласан. Тэгээд 2025 он хүртэл хөдөө орон нутаг, эрүү, мөрдөн, хар тамхитай тэмцэх газар болон дарга нарын машин гээд бүхэл албанд ажилласан.
-Үйлчилгээний гавьяат ажилтан гэдэг цол тэмдгийг авч байх үед ямар сэтгэгдэл төрж байв, тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач
-Их гоё дурсамж байдаг. Гавьяат болно гэдгээ ерөөсөө мэдээгүй. Сүхбаатар аймагт эрүүгийн цагдаагийнхантай ажлаар явж байхад шөнийн 12:00 цагт Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаж байна. Та гавьяат болсон гэхэд нь цочирдоод итгээгүй. Хүн амрах цагаар залгаад тоглоом хийсэн гэж бодсон. Маргааш өглөө буюу 2020 оны аравдугаар сарын 3-нд авто баазын дарга залгаж хэлэхэд итгэсэн. Аравдугаар сарын 5-нд ажлаас буцаж ирээд Ерөнхийлөгчөөс тэр өдрөө цол тэмдгээ гардаж авсан.
-Та цагдаагийн байгууллагаас төрсөн ахлагч бүрэлдэхүүний хэд дэх гавьяат нь вэ?
-Анхны Үйлчилгээний гавьяат ажилтан нь би. Ахлагч бүрэлдэхүүндээ хоёр дахь гавьяат нь. Анх 2001 онд Цагдаагийн ерөнхий газрын 80 жилийн ойгоор манай алба хаагч ах гавьяат тээвэрчин хүртсэн байдаг.
-Энэ Үйлчилгээний гавьяат ажилтан гэдэг цол тэмдгийг зүүгээд анх юу бодож байсан бэ?
-Тэмдгээ зүүгээд гараад ирэхэд манай бүрэлдэхүүн жагсаад хүлээж байсан. Ардаас нь Цагдаагийн ерөнхий газар болон авто бааз хүлээж авсан. Амьдралын хамгийн гоё мөчүүдийн нэг болсон. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан маань цас, бороо, үер усанд боогдсон хүмүүст аль болох туслах. Боломжоороо машиныг нь засаад, болохгүй бол сум суурин руу хүргэж өгөхийг хичээж, зүтгэж явсны үр шим гарч байна гэж бодсон. 2012 оны намар орон нутгийн сонгуулиар Хөвсгөл аймагт ажлаар явсан. Ажил дуусаад буцаад Булганы Хутаг-Өндөр лүү шөнө нэг цагийн үед дөхөж явсан нэг айлын байшин шатаж байгааг хараад шууд чиглээд очсон. Миний машинд арав гаран алба хаагч сууж явсан. Хамгаалалтад гараад бүгд ядраад унтаж байсан. Гал дээр очоод манайхан буугаарай энд айл шатаж байна гэж хэлэхэд бүгд ухасхийгээд үсрээд буусан. Бид гал дотроос гурван сартай хүүхэдтэй гэр бүлийг аварсан. Байшин дээврээсээ шатаад дотогшоо утаа цохиод яг угаартсан байдалтай байхад нь гаргасан. Аз болоход тэр айл ардаа гүний худагтай. Бүгд ус зөөж, дээврийн хуулаад галыг унтрааж хохирол багатай өнгөрсөн. Эргүүл хамгаалалтын бүлэгтэй явж байхдаа тэгж хүний амь аварч байлаа. Хөдөө орон нутгийн замд явж байхад олонч зүйлтэй таарч, боломжоороо тусалж явсны үр шим гэж бодсон.
-МАШИН ИРЖ БАЙХАД МЭДСЭЭР БАЙЖ, ГҮЙЦЭТ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ ХИЙЖ, ОСОЛДДОГ ХЭНЭГГҮЙ ЖОЛООЧ ОЛОН БАЙНА-
-Нэг насыг жолооны хүрдний ард өнгөрүүлсэн хүний хувьд сүлийн үеийн жолооч нарыг ямар байх ёстой гэж хардаг вэ?
- Миний үед жолоочийг зургаан сарын хугацаатай бэлтгэдэг байлаа. Одоо бол товчхондоо дүрэм л заадаг. Заримдаа дотроо их халгалдаг. Үргэлжилсэн цагаан шугам байхад чигээрээ явахгүй эргэчхээд тэр эгнээнийхээ замыг таглаад зогсчихдог. Бас баруун эргэх тэмдэг байхад зөрж байгаа юм шиг зүүн эргэж, сөрөөд таглаад зогсчихно. Ийм зүйлсээс болоод хөдөлгөөний гацаа их үүсдэг. Хамгийн гол зүйл бол жолооч сахилгатай байх ёстой.
-Зуны улиралд зам тээврийн осол хөдөө орон нутагт их гардаг. Таны хэлснээр иргэдийн сахилга сул байна уу?. Юу гэж бодож байна вэ?
-Хотоос 45 километрийн зайд гарч эргүүл шалгалт хийдэг. Аваар осол их таардаг. Хоёр хүн зүгээр зөрөөд гарчих газар нэгнийгээ шахдаг, гүйцэж түрүүлдэг асуудлаас болж осол гарах нь олон. Замд гарахдаа яаралгүй амраад явах хамгийн чухал. Нэг машиныг гүйцэж түрүүлээд хурдтай явж байгаад хальт зогсоод аяга цай уугаад эргээд харахад нөгөө машин урд гараад л явчихна. Хөдөө орон нутгийн зам дээр том тэрэгний жолооч нар сахилга бат их сайхан соёлтой болсон. Ардаа явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар өөдөөс нь тээврийн хэрэгсэл ирж байх юм бол зүүн дохио өгөөд анхааруулдаг. Эсрэг талаас хөдөлгөөнгүй болохоор нь баруун гэрлээ асааж гүйцэж түрүүлээд гараарай гэж дохио өгдөг. Хамгийн гол нь их соёлтой болсон. Гэтэл онгироо, хэнэггүй зангаасаа болж зарим хүмүүс их алдаж байна. Хурд хэтрүүлж өөдөөс нь машин ирж байхад харсаар байж урдах машинаа гүйцэж түрүүлэх гээд яг урдуур нь давхиж орно. Иймэрхүү байдлаас болж аваар осол асар их гарж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх хэрэгтэй. Өөрийн хайртай хүмүүсээ авч явж байж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж болохгүй. Орчин үед гэр бүлийн хүмүүс чинь ч жолоо барьдаг болсон. Өөрөө уусан бол уугаагүй гэр бүлийн хүнээрээ жолоо бариулаад дүрмээрээ явбал очих газраа саадгүй очно. Ер нь хурдтай явлаа гээд сайн зүйл болохгүй. Сайн яваад ирэв үү? Гэдэг болохоос хурдтай яваад ирэв үү? гэдэггүй. Хамгийн гол нь аваар осолгүй зорьсон газраа хүрсэн байхад л болно. Манай улсын замын байдал тойруу, үзэгдэх орчин хаагддаг, өндөр даваанууд, халтиргаа гулгаа ихтэй. Ийм зам дээр хурдаа тааруулж, явах хэрэгтэй.