Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн хотонд урд хоёр хөлгүй ботгон төрсөн нь уранаас болсон байж болзошгүй талаар "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар тэргүүтэй хүмүүс нэг хэсэг "шуурсан".
Харин албаны хүмүүс уг мэдээллийг үгүйсгэсэн байдаг. Энэ талаар Мал Эмнэлэгийн Ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар "Ургийн гажиг гэдэг зүйл 100 мянган малд нэг тохиолддог. Энэ нь хоёр толгойтой, зургаан хөлтэй, хоёр бөгстэй, бөгс нь битүү, тагнайтай, тагнайгүй ургийн гажгууд байдаг. Урьд өмнө ч байсан, одоо ч байж байдаг зүйл. Онцгой ихээр нэмэгдсэн зүйл ч байхгүй" хэмээсэн байдаг.
Тэгвэл "Хоёр хөлгүй ботго нь ураны хор хөнөөл" хэмээн олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл түгээсэн нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл тараах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.