Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг ҮСХ-ны үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил өнөөдөр /2025.05.16/ танилцуулж байна.
-ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 8.6 ХУВИАР ӨСЧЭЭ-
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өслөө. Барааны бүлгийн хувьд өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн бол үйлчилгээний бүлэг 17 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 8.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 6.9 хувь, хувцас бөс бараа гутлын бүлгийн үнэ 9.1 хувь, орон сууц цахилгааны бүлэг 21.7 хувь гар ахуйн барааны бүлэг 6.5 хувь, зочид буудал нийтийн хоолны бүлэг 17 хувь, боловсролын бүлэг 18.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
-ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 695 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРЧЭЭ-
2025 оны эхний дөрвөн сард Монгол Улс нийт 135 оронтой гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам.доллар болж үүнээс экспорт 4.2 тэрбум ам.доллар, импорт 3.6 тэрбум ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл эхний дөрвөн сард 683 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 827 сая ам.доллараар буурсан байна. Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллараар буурч, импорт 139 сая ам.доллараар өссөн байна.
-ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 57.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРЧЭЭ-
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (12.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (14.4%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна. Мөн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 4 сард 8.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
-ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН 2.4 ХУВИАР ӨСЧЭЭ-
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ 2025 оны эхний гурван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2025 оны зэрэгцүүлэх үнээр 6.2 их наяд төгрөг болж өмнөх оны эхний гурван сартай харьцуулахад ДНБ-ний бодит өсөлт 2.4 хувийн өсөлттэй гарлаа. Дээрх өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 1 нэгж хувийг, үйлчилгээний салбар 1.2 нэгж хувийг бүрдүүлсэн байна.