"Цаашид хийх халдлагуудын талаар тагнуулын мэдээ байсан тул Пакистаны байршилд цохилт өгсөн" гэж Энэтхэгийн тал мэдэгджээ

"Цаашид хийх халдлагуудын талаар тагнуулын мэдээ байсан тул Пакистаны байршилд цохилт өгсөн" гэж Энэтхэгийн тал мэдэгджээ

Өнгөрөгч шөнө /2025.05.06-07/ Энэтхэгийн зэвсэгт хүчин Пакистаны есөн байршилд пуужингийн цохилт өгсөн бол Пакистаны тал Энэтхэгийн хоёр байлдааны онгоцыг буудаж унагасан гэж мэдэгдэж байгаа юм. 

Тэгвэл Энэтхэгийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Викрам Мисри хэвлэлийн хурал хийж, Пакистан болон Пакистаны хяналттай Кашмир дахь террористуудын эсрэг явуулсан “Operation Sindoor" нэртэй цэргийн ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн Кашмирын Пахалгамд болсон халдлагын хариуд энэхүү ажиллагааг явуулсан гэжээ. 

В.Мисри хэлэхдээ, “Бидэнд цаашид хийх халдлагуудын талаар тагнуулын мэдээлэл байсан. Тиймээс урьдчилан сэргийлэх болон сөрөг арга хэмжээ авах шаардлагатай болсон” гэж онцолсон байна. Мөн тэрээр Пакистаныг террористуудын аюулгүй орогнох газар хэмээн нэрлэж, “Пакистан нь террористуудын аюулгүй орогнох гэр орон нь болсон” гэжээ.

Товчхондоо, Энэтхэгийн тал Пакистан болон Пакистаны хяналттай Кашмир дахь есөн террористуудын баазад цохилт өгөхдөө найдвартай тагнуулын мэдээлэлд үндэслэн сонгосон гэжээ. Харин Пакистаны тал уг ажиллагааг “дайны үйлдэл” хэмээн нэрлэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Иймд Энэтхэг, Пакистан хоёрын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж тул хоёр талын цэрэг арми хилийн шугам дагуу бэлэн байдалд шилжээд байгаа аж. 

Эх сурвалж: BBC