Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойролцоогоор 9-12.8 сая төгрөг байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тайлбар гаргалаа. Уг тайлбарт “Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалингийн дээд хязгаарыг НИТХ-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25/46 дугаар тогтоолоор, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоосон байдаг. Энэхүү тогтоолыг мөрдөж ажиллахыг тухайн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ / үүрэг болгосон. Тогтоолоор, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөгийг тав дахин нэмэгдүүлж, дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг. Мөн Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын 2023 оны 173 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагын ТУЗ, УЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоох аргачлалыг баталсан. Энэ дагуу НИТХ-аас ТУЗ, УЗ-ийн гишүүний урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792 мянган төгрөгөөр баталж, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад албан татварыг хасаж, сараар болон улирал тутам олгохоор тогтоосон” гэжээ.