Хятадын робот техникийн үйлдвэрлэлийн “UBTECH Robotics” компани Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Люйжөү хотод жилд 10 мянган ширхэг аж үйлдвэрийн зориулалттай хүн дүрст робот үйлдвэрлэх хүчин чадал бүхий автоматжуулсан үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Тус үйлдвэр нь “роботууд робот үйлдвэрлэнэ” гэсэн зарчмаар ажилладаг бөгөөд аж үйлдвэрийн зориулалттай хүн дүрст робот техникийн салбартаа дэлхийд ийм хүчин чадалтай анхны үйлдвэр болж байна. Энэхүү төсөлд технологийн түншээр Герамны “Siemens” компанийн Хятад дахь салбар оролцжээ. Германы тус концерн үйлдвэрлэлийн удирдлагын цахим платформыг бүтээхэд туслалцаа үзүүлсэн байна. Уг платформ нь нийлүүлэлтийн сүлжээ, эд ангийн угсралт, үйлдвэрийн доторх өндөр давтамжтай ложистикийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг ажээ.
Үйлдвэрлэлийн шугам нь 10 минут тутамд нэг робот үйлдвэрлэх тооцоололтой ажилладаг тус үйлдвэрт “Walker S” цувралын аж үйлдвэрийн зориулалттай робот, мөн “Cruzr” үйлчилгээний роботыг үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Люйжөү хотын аж үйлдвэр, хүнд машин үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэхэд ашиглахаас гадна, БНХАУ-ын дотоодын зах зээлд нийлүүлж, АСЕАН-ы орнуудад экспортолно.