АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, Украины дайн болон бүс нутгийн гол асуудлуудын талаар хэлэлцсэн тухайгаа “Truth Social” сүлжээндээ мэдэгдсэн байна.
Д.Трампын хэлснээр, хоёр орны удирдагчид “Орос-Украины дайн, Сири, Газын зурваст өрнөж буй нөхцөл байдал болон бусад олон асуудлыг” хөнджээ. Мөн Эрдоган Д.Трампыг Туркт айлчлахыг урьсан бөгөөд Д.Трамп ч түүнтэй Вашингтонд уулзахаар төлөвлөж байгаагаа дурдсан байна.
Д.Трамп энэ талаар, “Ямар ч байсан би Украин, Оросын хоорондох тэнэг боловч үхлийн аюултай дайныг зогсоохын тулд Ерөнхийлөгч Эрдогантай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Одоо!” хэмээн мэдэгджээ.
Д.Трамп дайн хэрхэн зогсох ёстой талаар тодорхой мэдээлээгүй ч Туркийг зуучлагч орон болгон оролцуулах сонирхлоо илэрхийлсэн байна. Турк улс өмнө нь ч Украины дайнтай холбоотойгоор зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Тухайлбал, 2022 онд Истанбул хотод Украин, Оросын төлөөлөгчдийн шууд хэлэлцээ болж, мөн “үр тарианы хэлэлцээр”-ийг байгуулахад Турк улс голлон зуучилсан байдаг. Энэ хэлэлцээрийн хүрээнд Украины хүнсний бүтээгдэхүүнийг Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан аюулгүй экспортлох боломжийг богино хугацаанд хангаж чадсан юм.
Эх сурвалж: BBC