АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.04.08/-ны өдөр ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, нөхцөл байдлыг “муу, аймшигтай” гэж тодорхойлжээ. Тэрбээр “Тэд яг одоо галзуурсан мэт бөмбөгдөж байна” гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Украины нөхцөл байдлыг хурдан шийдвэрлэхэд саад болж байгааг онцолсон байна.
Д.Трампын засаг захиргаа Орос, Украинтай энхийн хэлэлцээр хийхээр оролдож байгаа ч, ОХУ-ын зүгээс явуулж буй байнгын бөмбөгдөлт нь эдгээр хүчин чармайлтад саад учруулж байгаа аж.
Тэрбээр “Бид Оростой уулзаж байна, бид Украинтай уулзаж байна, бид нэлээд ойртож байгаа ч, сүүлийн долоо хоногт болж буй энэ бүх бөмбөгдөлтөөс болж би сэтгэл хангалуун бус байна” гэжээ.
ОХУ-ын зүгээс АНУ-ын энхийн төлөвлөгөөг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн “24 цагийн дотор дайн дуусгана” гэсэн амлалтыг биелүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж.
Д.Трампын засаг захиргаа одоо Киев, Москвагийн аль алинд нь илүү их дарамт үзүүлэх стратеги баримталж байгаа бөгөөд эхэндээ Киевийг хэлэлцээрт оролцохгүй байна гэж шүүмжилж байсан бол одоо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хэлэлцээрт оролцохгүй байна гэж буруутгаж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохын тулд эдийн засгийн болон дипломат арга хэмжээ авахыг эрэлхийлж байгаа боловч, нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters