АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсын импортын бараанд хоёр ч удаагийн өндөр тариф тогтоож буйгаа мэдэгдсэн ч өнөөдөр /2025.04.08/ Азийн ихэнх хөрөнгийн биржүүд өмнөх өдрийн уналтаас хэсэгчлэн сэргэсэн байна.
Тодруулбал, Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмж 34 хувийн тариф ногдуулсан бөгөөд үүний хариуд Бээжин ижил хэмжээний тариф тогтоож, АНУ-ын “шантааж”-ийг няцаана гэдгээ мэдэгдсэн юм. Үүнээс үүдэн дэлхийн санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсэж, Азийн хөрөнгийн биржүүдэд огцом уналт ажиглагдсан.
Гэсэн хэдий ч өнөөдөр /2025.04.08/ Бээжингийн санхүүгийн зах зээлийг тогтворжуулах хүчин чармайлтын үр дүнд Хятад болон Хонконгийн хувьцааны зах зээлүүд сэргэж эхэлсэн байна.
Тухайлбал, Хятадын CSI 300 индекс 1 хувиар, Шанхайн нийлмэл индекс 0.9 хувиар өссөн бол Хонконгийн Hang Seng индекс 1.6 хувиар нэмэгджээ. Энэхүү сэргэлт нь бүс нутгийн бусад зах зээлүүдэд эерэг нөлөө үзүүлж, Японы Nikkei 225 индекс 5 хувиар өссөн байна. Хэдийгээр зах зээлүүд хэсэгчлэн сэргэж байгаа ч АНУ, Хятад хоёрын хоорондын худалдааны маргаан үргэлжилсээр байгаа нь дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж байгаа аж. АНУ-ын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт 50 хувийн тариф ногдуулахыг санал болгосон нь энэхүү маргааныг улам хурцатгаж болзошгүй юм. Шинжээчид энэхүү нөхцөл байдал нь дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж, зах зээлийн тогтворгүй байдал ойрын хугацаанд үргэлжилж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters