Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны долоодугаар сарын эхээр үргэлжлэн орсон аадар борооны улмаас нийслэл хотод олон тооны орон сууц, барилга, зам, гүүр, далан, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл учирч, үерийн улмаас хот хоёр удаа усанд автсан.
ВИДЕО:
-2023 ОНД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС УЧИРСАН НИЙТ ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ОДОО ХҮРТЭЛ БҮРЭН ГАРГААГҮЙ-
Тухайлбал 2023 оны долоодугаар сарын 5-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын ус үерлэж далан нурснаас үүдэж Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны орон сууцны барилгын нэг давхар үерлэсэн. Улмаар барилгын зоорины давхарт байсан автомашинууд живж, иргэд их хэмжээний хохирол амссан билээ.
Харин дараагийнх нь 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр. Их хэмжээний бороо орсны улмаас уулын ус суурьшлын бүс рүү бууснаас үүдсэн үерт, Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь[1]Эх орчмын айл өрхүүд үерт автаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж их хэмжээний хохирол учирсан. Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас гаргасан тоо баримтаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38.3 га талбай үерт өртсөн. Үүний улмаас дөрвөн хүн (нэг хүүхэд) харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн гэх мэдээллийг өгч байсан юм. Үерийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээ одоо хүртэл бүрэн гаргаагүй гэдэг.
-УЛААНБААТАР ХОТЫН ИХЭНХ ХЭСЭГ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТГҮЙ БАЙНА-
Тухайн үед нийслэл хотод байсан үерийн хамгаалалтын 130 км урт байгууламжийн насжилт 60 жил орчим болж хуучирсан. Түүнчлэн хатуу хучилттай нийт замын 90 орчим хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байгаа нь хот үндсэндээ үерийн хамгаалалтгүй байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Гэтэл үүний хажуугаар зах замбараагүй газар олголт, барилгажилт нь үерийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж буй.
-СЭЛБЭ ГОЛЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫГ ТЕНДЕРИЙН ДАГУУ 2024 ОНД ДУУСГАХ ЁСТОЙ БАЙЖЭЭ-
Улмаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламж угсралтын ажлын тендерийг 2024 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт зарласан. Тодруулбал "Эс Аутлет" дэлгүүрийн барилгыг нурааж Буянгийн зам дагуу 1.5 км зайд төмөр, бетон хийцтэй далан барихаар төлөвлөж нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдсэн байдаг. Тендерт "Билгүүн Монгол" гэх компани шалгарсан бөгөөд 2024 оны наймдугаар сар гэхэд үерийн хамгаалалт барьж дуусгах ажлын даалгавар авсан байдаг.
Тус компани Буянгийн замыг хааж, кранаар хуучин төмөр бетонон хануудыг авч, 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барьж эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтааж улсын комисст хүлээлгэж өгөхөөр зорьж байсан боловч өнөөдөр ч үргэлжилсээр байна. Үерийн хамгаалалт барих гүйцэтгэгч компанийн ажил энэ мэт “яст мэлхийн” хурдаар үргэлжилбэл энэ зунаас өмнө Сэлбэ голын үерийн хамгаалалтыг барьж дуусгах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
-СЭЛБЭ ГОЛД БАРЬЖ БУЙ "БЕРЛИНИЙ ХАНА" МЭТ ДАЛАНГ БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ "СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН" ГЭЖ ҮЗЖЭЭ-
Харин цахим орчинд дээрх бүтээн байгуулалтын талаар Улаанбаатар хот “Берлиний хана шиг өндөр ханатай боллоо” гэх шүүмжлэл газар аваад байна. Тэгвэл Барилгын хөгжлийн төвөөс үерийн далан босгох зураг төсөлтэй 2023 оны 12 дугаар сард танилцаж “Стандарт шаардлага хангаж байна” хэмээн баталжээ.
Мөн “Голын голдирлыг өөрчилж уурхайн зэрэмдэглэсэн талбай шиг болгосон” гэх шүүмжлэлд ажил гүйцэтгэгч компанийн төлөөлөл тайлбар өгөхдөө “Бид далангийн ажил дууссаны дараа голын голдирлыг эргэн хэвэнд нь оруулна" гэх тайлбарыг өгсөн юм. Нийслэлчүүд байгалийн давагдашгүй хүчин зүйл үерийн аюултай эргэн нүүр тулахгүй гэх баталгаа үгүй билээ.