Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн зарим суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарах болжээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас иргэд олон нийтийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж ой хээрт аялахдаа аюулгүй байдлаа ханган зорчихыг анхаарууллаа. Нэн түрүүнд хүрэн баавгай нь хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд багийн Засаг дарга, Байгаль орчин хяналтын тасагт хандахын зөвлөж байна.
- Зөвлөмжид баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх;
- Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух;
- Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах;
- Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
- Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
- Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;
- Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.