Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ОХУ-ын Монгол дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев болон БНХАУ-ын “Шандон Шинке Холдинг” ХХК-ийн Ерөнхий захирал Ин Бээжин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хийн түлшний хэрэглээний төлөвлөлт, байгалийн шингэрүүлсэн хий боловсруулах үйлдвэр байгуулах, дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Энэ тоо өвлийн улиралд нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хорооллыг барих ажлыг эхлүүлээд байна. Мөн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Цаашлаад агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргахаар төлөвлөж байна. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв. Харин ОХУ болон БНХАУ-ын талууд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ уламжлав.