БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёолийг огцруулах шийдвэр гарсан тул түүний халааг авах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар шийдвэрлэжээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Сү мягмар гарагт болох Засгийн газрын хуралдааны үеэр сонгуулийн товыг батлахаар төлөвлөж байна гэжээ. Сонирхуулахад, Юн Сог Ёолийг онц байдал зарласантай нь холбогдуулан албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гарагт гаргасан бөгөөд үүнээс хойш 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой. Мөн тус улсын Сонгуулийн үндэсний хороо нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ. Сонгуулийн тов батлагдвал тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор тавдугаар сарын 12-ноос эхлэх аж.