С.Одонтуяа: Хурын усыг хуримтлуулж 330 сум, сууринд нуур, усан сан байгуулах ажлыг үргэлжлүүлнэ

С.Одонтуяа: Хурын усыг хуримтлуулж 330 сум, сууринд нуур, усан сан байгуулах ажлыг үргэлжлүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяатай ярилцлаа.

-Дэлхийн усны өдөр энэ сарын 22-нд тохиолоо. Ер нь усны талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?

-НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тодорхой ач холбогдол өгсөөр ирсэн.  Өнөө жил энэ өдрийг “Мөстөл, мөсөн голыг хамгаалъя“ уриатайгаар тэмдэглэсэн. Гэхдээ энэ өдрийг тэмдэглээд өнгөрөх биш ирэх жилийн усны өдөр хүртэл үргэлжлэх ажлууд бий. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилтийн эсрэг анхаарал хандуулж байгаа энэ цаг үед бид ч бас хоцрохгүй байгаль орчноо хамгаалж үлдэх, усны нөөцийг хуримтлуулах, хүртээмжийг нь сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллана. Манай орны хувьд усны нөөцийн хуримтлал, жигд хуваарилалтыг бий болгохын тулд “НЭГ НУУР-НЭГ СУМ” төслийг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хурын усыг хуримтлуулж 330 сум, сууринд нуур, усан сан байгуулах юм. Улмаар хуримтлагдсан усыг бохирдож, хомстохоос хамгаалах, бүс нутгийн онцлогт тохирсон усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, өсөн нэмэгдэж буй усны хэрэглээг хангах ажлууд хийгдэж байна. Монголчуудын  ус хуримтлуулах эртний  өв соёлыг уламжлуулах, орон нутагтаа хөв, цөөрөм байгуулах санаачлагыг дэлгэрүүлэх, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын үндэсний бөхийн холбоо  хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Говийн бүсийн ус хангамжийг сайжруулах гадаргын усыг хуримтлуулан шилжүүлэн ашиглах, газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг нэмэгдүүлэх ажлууд дээр бодлого барьж байна.

-Олон жил гацаанд байсан Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажил Засгийн газраас зарласан 14 мега төсөлд багтаж байгаа. Та энэ төслийн талаарх сүүлийн үеийн мэдээллээ хуваалцахгүй юу?

-Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж  эхэлснээс хойш үе, үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдснаас хойш олон жил гацсан энэхүү төслийн ажлыг хөдөлгөх талаар бид шат дараалсан ажлыг хийж ирсэн. Хоёр орны Байгаль орчны сайд нар “Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурж баталгаажуулсан. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, энэхүү төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх заавар, зөвлөмж гарсан. Ийнхүү Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартын дагуу хийх гэж байгаа нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна. Үүний дагуу Монгол Улсын Эдийн засаг  хөгжлийн сайд, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хамтарсан тушаалаар Монголын талын ажлын хэсгийг ШУА-ын Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулан эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллууллаа.

Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн хил дамнасан Сэлэнгэ мөрний сав газрын ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлуудыг 2026 оны эхний хагаст, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг 2025 онд багтаан тус тус хийж гүйцэтгэх, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнүүдийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг хийх санхүүжилтэнд шаардагдах 8,0 тэрбум төгрөгийг батлуулсан. Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах ажил урагш хөдөлсөн гэж ойлгож болно.

-14 мега төслийн дөрөв нь танай яамтай хамааралтай харагдаж байна. Салбарын сайдын хувьд мега төслүүдийг хэрэгжүүлэх тал дээр юуг анхаарч ажиллах вэ?

-Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг эхлүүлэхээ зарласан нь улс төр дэх шинэ жишиг юм. Хамгийн гол ач холбогдол нь эдийн засгаа тэлж, хөгжлийн гацаагаа гэтлэх стратеги. 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС, “Орхон-Онги” болон “Хэрлэн Тооно” гэсэн дөрвөн мега төсөл нь байгаль орчины салбарынх байна. Үлдсэн 10 мега төслүүд нь ч байгаль орчин, уснаас ихээхэн хамааралтай, харилцан нэгнээ дэмжсэн кластер гэдэг утгаар нь харвал дээрх төслүүд зайлшгүй хийгдэх ёстой гэдэг нь ойлгогдох байх. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувиар экологийн мега төслүүдийг яаралтай эхлүүлэх, зарим төслүүдийн гацаанаас гаргах, бусад мега төслүүдээ дэмжих тал дээр тууштай ажиллана

-Эдгээр мега төслүүд гадна, дотнын болон улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн шахалтаар хөдөлж чадахгүй өдий хүрсэн. Үнэхээр энэ мега төслүүд хамтарсан Засгийн газрын үед хэрэгжих боломжтой юу?

-Дахин хэлэхэд 14 мега төслүүд нь хэрэгжих боломжтой төдийгүй хийх зайлшгүй шаардлагатай. Энэ бол манай үндэсний эрх ашиг. Бид эдийн засгийн тогоогоо томруулахгүй жижигхэн “тамын тогоондоо” хэрэлдээд суугаад байж болохгүй. Үндэсний том компаниуд ч жижиг дунд бизнесийнхэнтэй өрсөлдөж байхаар гадагшаа дэлхийд гарах ёстой. Үүний эхний шат нь 14 мега төсөл.  Амжилтгүй хэрэгжсэн мега төслүүдийн түүхийг харахад ихэнх нь хөрөнгө оруулалт олдоогүй, инженерийн буруу тооцоо байсан гэхээсээ илүү олон нийтийн дэмжлэг, итгэлийг авч чадаагүйгээс унасан байдаг. Тиймээс экологийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд иргэд, орон нутгийнхан, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоодтой илүү сайн хамтран ажиллана.

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэрээ сольж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болсон. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монголд их байна гэсэн үг үү?

-Үнэхээр тийм. Монгол бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж буй орнуудын нэгд тооцогдох болсон. Манай орны уур амьсгал дэлхийн дулаарлын хурдтай харьцуулахад хоёр дахин хурдтай явагдаж буй учраас цөлжилт нэмэгдэж, хөрс, усны хомсдол хурдасч хүн амын амьжиргаа, мал аж ахуй газар тариаланд сөргөөр нөлөөлөх нь жилээс жилд өсөж байна. Хөдөө гэлтгүй хотод ч өвөлдөө утаа, зундаа тоосжилттой амьдрах орчины бохирдол бий болсоныг бүгд мэдэж байгаа. Одооноос уур амьсгалын өөрчлөлттэйгээ тэмцэхгүй бол монголчууд ирээдүйд эх нутагтаа өндөр өртөгтэй амьдрах бодит эрсдэлтэй болсон. Тиймээс салбарын яамны гол бодлого уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх юм.

-Ер нь танай салбарт шинэчлэл хийх шаардлагатай ямар, ямар хууль, журам байгаа вэ?

-Байгаль орчин гэдэг нь өөрөө бидний амьдарч, оршин тогтнож байгаа хүрээлэн буй бүхий л орчныг хэлж байгаа. Тийм учраас энэ салбар маань хот суурин, барилга , эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд хамаарахгүй салбар байхгүй юм. Бид том мега төслүүдийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах,  цөлжилтийг бууруулах, усны хүртээмжийг нэмэгдүүлэх, говийн бүсэд ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох гээд салбар дундын зохицуулалт хийх, байгаль орчныг доройтуулахгүй байх олон талт  бодлогыг тэнцвэртэй барьж байх ёстой. Энэ үүднээс байгаль орчны багц 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд холбогдох  хуулиудын өөрчлөлтийг тухай бүр олон нийтэд танилцуулаад явна.

-Саяхан хилийн усны хэлэлцээрийг олон жилийн дараа БНХАУ-тай сэргээсэн мэдээлэл байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Манай улс хоёр хөрштэйгээ олон жилийн найрсаг түүхэн харилцаатай явж ирсэн. Монгол Улсын Засгийн газар хөрш орнуудын Засгийн газартай хилийн усыг хамгаалах, ашиглах, судлах зорилгоор “Хилийн усны хэлэлцээр”-ийг 30 гаруй жилийн өмнө байгуулсан байдаг. Энэ хэлэлцээрийн дагуу жил бүр Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчдийн уулзалт, ажлын хэсгийн уулзалтууд тогтмол болж байгаа. “Ковид-19” цар тахлын үед дэлхий нийтээрээ болгоомжилж хөл хорио тогтоож байсан үед зарим хамтарсан уулзалтууд түр хугацаагаар хойшилсон. БНХАУ-тай Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчдийн хамтарсан  уулзалт сая гуравдугаар сарын эхээр БНХАУ-д амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалтаар Хэрлэн гол, Буйр нуур, Булган голуудын усны чанар, усзүйн талаар мэдээлэл солилцож  эрдэмтэн судлаачдын хамтарсан баг Хэрлэн голын дагуу энэ жил судалгааны ажлыг хийхээр тохиролцсон. Хилийн усны хэлэлцээр, уулзалтууд амжилттай сайн үргэлжилж байгаа.

-Говийн бүсийн хүн амын усан хангамжын асуудал жилээс жилд хүндэрч байна. Энэ тал дээр та ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

 -Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, мөстлөг, мөсөн гол, мөнх цэвдгүүд хайлж байгаа нь манай орны хувьд илүү түргэн хурдацтай ажиглагдаж байна. Ялангуяа говь, тал хээрийн бүс нутгууд илүү ихээр өртөж байна. Говийн бүс нутагт уул уурхай, аж үйлдвэржилтийн томоохон төслүүд хэрэгжиж эхэллээ. Бидний баримтлах гол зарчим бол нэн тэргүүнд хүн амын ундны усны баталгаат эх үүсвэрийг бий болгох ёстой. Хоёрдугаарт, байгаль-экологийн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Дараагаар нь үйлдвэрлэл, үйлчилгээний ус хангамжийг шийдвэрлэнэ.  Монгол орны гадаргын усны жигд бус тархалт, хүртээмж, хэрэглээний асар их ялгаа бий. Бид сүүлийн 80 гаруй жил газрын доорх усны хэрэглээ 80 хувь, гадаргын усны хэрэглээ 20 хувь хүрэхгүй байгаа нь хязгаарлагдмал нөөцөөсөө илүү хэрэглээд байна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээгдэх нөөцөөсөө бага хэрэглэж байсан нь усны менежментийг сайжруулах бодлогын ажил болоод байна. Говийн бүс нутагт ус хангамжийг нэмэгдүүлэх, усны чанарыг сайжруулахад чиглэсэн хоёр үндсэн ажил зэрэг эхлүүлнэ. Үүнд, Орхон-Онги төсөл, Хэрлэн Тоонот мега төслүүдийг хэрэгжүүлж томоохон голууд дээр ус хуримтлуулан говийн бүс рүү шилжүүлэн ашиглах, говийн бүсийн газрын доорх усны эрэл хайгуул судалгааны ажлыг бүс нутгийн хэмжээнд бүрэн хийх ажлууд багтсан. Хөрөнгө оруулалт их шаардагдах том ажлууд  учраас Усны төслийн нэгжийг байгуулан салбар дундын зохицуулалт хийх, хөрөнгө босгох зэрэг олон асуудлаар нэгдсэн бодлогоор ажиллуулах юм. Орхон-Онги төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт Цагаанбургастайн боомтыг байгуулж Онгийн голын урсацыг нэмэгдүүлэх, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онгийн хийд орчимд усан сан байгуулж голын урсацыг дахин өсгөх замаар Улаан нуурын усны түвшинг дээшлүүлэх экологийн төслийг хэрэгжүүлэх олон улсын нээлттэй тендерийг ойрын хугацаанд зарлаж, ажлаа эхлүүлнэ. Энэ жил говийн бүсийн гурван суманд ундны усны эх үүсвэрийн газрын доорх усны хайгуулын ажил, гидрогеологийн зураглалын ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх юм. Мөн 44 сумын төвийн усны чанарын судалгааг хийж усны чанарыг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн.

-Байгаль орчны салбарт эмэгтэй сайд илүү ажилладаг гэсэн яриа байдаг. Үнэхээр эмэгтэй хүний хувьд танд ажиллахад илүү ойр салбар байж чадаж байна уу?

-Миний өмнө ажиллаж байсан С.Оюун, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Н.Уртнасан сайдуудын тухай бодитой үнэлгээ байна. Нийгэм хүмүүнлэг, байгаль орчины салбарт эрчүүдийг бодвол эмэгтэй хүн эх хүн гэдэг утгаараа илүү мэдэрч, илүү  чамбай ажилладаг гэсэн судалгаа харж байсан. Миний хувьд ч байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого илүү ойр дотно байгаа. Цаашдаа ч  бүгдэд нээлттэй хичээнгүйлэн ажиллах болно.

-Ингэхэд ирэх онд COP17 олон улсын хурал манайд болно. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа вэ?

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII  Бага хурал ирэх жил Монгол Улсад зохион байгуулагдах болсон нь тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хийж буй манай улсын ажлуудыг олон улс үнэлж буйн илэрхийлэл юм. COP17 хуралд тус конвенцын гишүүн 190  орчим улс оролцож, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Зөвхөн байгаль орчны салбарын төдийгүй гадаад харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, эдийн засгийн боломж зэрэг маш олон талын ач холбогдолтой түүхэн үйл явдал болох учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ,  Засгийн газар хамтдаа онцгойлон анхаарч ажиллаж байна. Иргэд залуусыг ч гэсэн COP17 бага хурлын бэлтгэл, сайн дурын ажилд идэвхитэй оролцоосой хэмээн танай сониноор дамжуулан уриалж байна.