Ж.Баясгалан: Зам, барилга барих төсвөөс 30 тэрбумыг хасаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувь буюу 80 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо

Ж.Баясгалан: Зам, барилга барих төсвөөс 30 тэрбумыг хасаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувь буюу 80 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Төсөв хэлэлцэх үеэс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ядуурлын түвшнээс доор амьдарч байгаа асуудлыг шийдэж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан. Ингээд өнгөрсөн тав дахь өдрийн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийг нэмэх асуудлыг эхний байдлаар дэмжсэн. Шадар сайд гүйцээн боловсруулах чиглэл авья гэсний дагуу өнгөрсөн амралтын өдрүүд, өнөөдөр өглөө гээд ТБХ-оос гарсан ажлын хэсэг дээр тасралтгүй энэ талаар ярилаа. Эмч нар ч бас гадаа жагсаж байна, төсөв хүнд байна гэсэн шалтаг, шалтгаануудыг тооцлоо. Ийнхүү тодорхой хэмжээнд тохиролцолд хүрч чадлаа. Энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь болгож нэмэхээр ажлын хэсэгт тоцоолол оруулж, 20 хувь нэмэх тооцоолол буюу 30 орчим тэрбум төгрөгийн төсвийг хаанаас хасах талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл зам, барилга барих төсвөөс 30 тэрбумыг хасаад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүүхдийн асаргааны тэтгэмж дээр 20 хувийн нэмэгдэл буюу 80 мянган төгрөгийг эхний ээлжинд нэмэхээр боллоо. Хоёрдугаарт асран халамжилж байгаа иргэдэд өгөх тэтгэмжийг нэмэх асуудал дараагийн удаа орно. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээнд хүргэж нэмэх талаар тохиролцсон" гэлээ.