Францын нийслэл Парис хотод болж өндөрлөсөн "Сайн дурын цэргийн эвсэл"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский Орос гурван чиглэлд шинэ довтолгоо хийхээр бэлтгэж байна гэж мэдэгджээ.
Тэрээр "Манай тагнуулын мэдээлснээр Орос улс Сумы, Харьков, Запорожье мужуудад шинэ халдлага хийхээр бэлтгэж байна. Тэд хэлэлцээрийг сунжруулж, АНУ-ыг эцэс төгсгөлгүй цаг хугацаанд чирж оруулж, цаашилбал илүү их ашиг хонжоо олохыг оролдож байна" гэжээ.
Мөн тэрээр Европын орны удирдагчдад хандан Украинд эвслийн хүчээ байршуулах талаар тодорхой нэгдсэн төлөвлөгөө боловсруулахыг уриалжээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский, "Бид энэ талаар аль хэдийн ярилцсан. Та бүхэн бэлэн байгаа хувилбарууд дээр үндэслэн бүгд санал нэгдэж, хэрэгжүүлж эхлэх тодорхой төлөвлөгөө хэрэгтэй байна" гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC