Үндэсний стандартын 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн хэдий ч хэрэгжилт нь асар хангалтгүй байна гэлээ

Үндэсний стандартын 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн хэдий ч хэрэгжилт нь асар хангалтгүй байна гэлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор "Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааныг зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “НЭГ УЛС-НЭГ СТАНДАРТ” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаж, нийт 33 салбарын үйл ажиллагаанд стандартыг шинээр нэвтрүүлэн Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулахаар зорьж байна. Манай улсын хувьд өндөр стандарт мөрдөх нь зөвхөн хуульд нийцүүлэх үйлдэл бус харин чанартай амьдралын хэв маягийг бий болгох, бизнесийн орчинд итгэлцэл нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын ил тод байдал, үр ашигтай үйл ажиллагааг дэмжихтэй шууд холбоотой. Стандартын гол ач холбогдол нь зөвхөн хууль эрх зүйн хүрээнд биш, харин өдөр тутмын амьдралд хэрхэн хэвшүүлж байгаад оршино. Өөрөөр хэлбэл, стандарт нийгмийн сэтгэлгээнд гүн гүнзгий шингэж амьдралын дадал, нийгмийн шаардлага, ажил үйлчилгээ харилцааны соёл болсон цагт улс зөв хөгжинө.  Бидний оршин буй нийгмийн соёл, аюулгүй байдал, та бидний ая тухтай, чанартай амьдралын үндэс суурь бол стандарт юм” гэдгийг онцоллоо.

2025 оны 2 дугаар сарын байдлаар үндэсний стандартын 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн хэдий ч хэрэгжилт асар хангалтгүй байгаа аж. Тухайлбал, Барилгын салбарт 655,  хүнсний салбарт 645, эрүүл мэндийн салбарт 744 стандарт мөрдөгдөж байгаа ч эдгээрийн дийлэнх нь шинэчлэгдэх шаардлагатай байна.

Иймд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг шинэчлэн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон. Хуулийн шинэчилсэн найруулгаар Стандартын эрх зүйн орчныг сайжруулах, Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Салбар хоорондын хамтын уялдаа холбоог сайжруулах, Хяналт, үнэлгээний системийг сайжруулах замаар Стандартын хэрэгжилтийн үр дүнг хэмжиж, аюулгүй байдал, чанар, итгэлцлийг дээшлүүлэхэд чиглүүлэх, Стандарт хэмжил зүйн салбарын мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэх, Стандарт хэмжил зүйн салбар, үндэсний лабораториудын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх боломжтой болох юм.




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө