ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ: Иргэд хүүхдүүдийнхээ нэг өдөр идэх талхыг хүртэл зээлж, өрийн дэвтэрт нэрээ бичүүлж байна

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ: Иргэд хүүхдүүдийнхээ нэг өдөр идэх талхыг хүртэл зээлж, өрийн дэвтэрт нэрээ бичүүлж байна

Иргэд, худалдаа эрхлэгчдийн дунд “өрийн дэвтэр” гэх ойлголт бий. Тодруулбал иргэд дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа өрийн дэвтэрт нэрээ бичүүлээд дараа төлөх нөхцөлтэйгөөр зээл тавихыг хэлнэ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тусам иргэдийн худалдан авах чадвар муудаж, өрийн дэвтэрт нэрээ бичүүлж, өдөр хоногоо болгодог иргэдийн тоо нэмэгджээ. Тэгвэл бид энэ удаа захын гэр хорооллуудаар явж өрийн дэвтрийн талаарх сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО:

-ИРГЭД САРЫН ЭХЭНД ЗЭЭЛ АВААД ХАЛАМЖ, ХҮҮХДИЙН МӨНГӨ БУУХАД ЭРГЭН ТӨЛДӨГ Ч САР ЭХЛЭХЭД АХИАД Л ЗЭЭЛ АВЧ ЭХЭЛДЭГ БАЙНА-

Он гарсаар юмны үнэ, тог цахилгааны үнэ эрс нэмэгджээ. Улмаар иргэд өр, зээл тавих тохиолдол улам л нэмэгдсэн байна. Иргэд дэлгүүрээс хамгийн ихдээ 40 орчим мянган төгрөгийн юм л зээлдэг. Ихэвчлэн 7000, 8000, 10 мянган төгрөгийн зээл тавьж, хүүхдүүддээ нэг өдөр идэх талхыг нь авдаг талаар дэлгүүрийн худалдагчид хэлж байлаа.

Захын гэр хорооллуудын хүнсний дэлгүүрийн худалдаа эрхлэгчид ихэвчлэн 10-аас дээш жил худалдаа эрхэлсэн байх бөгөөд ойр орчмынхоо иргэдийн ихэнхийг таньдаг, ах дүүгийн харилцаатай байдаг учир зээл өгөхгүй гэсэн ч гуйсаар байгаад л зээлдэг гэнэ.

Тухайлбал бидний орсон Баянхошууны эцэст байх найман нэрийн хүнсий барааны дэлгүүр ажиллуулдаг н.Дорж ах тухайн байршилд хүнсний дэлгүүр нээн ажиллуулаад 20 орчим жил болж байгаа бөгөөд хэн нь хэний ах, дүү, хэн өрөө цаг тухайд нь өгдөг, хэн өгөхгүй байх магадлалтайг ч сайн мэддээг байна. Ургамлын тос граммлах, тал талх худалдаалах тохиолдол ч энүүхэнд гэнэ. Захын гэр хорооллуудаар олон хүүдүүдтэй өрх, өндөр настнууд их байдаг учир сарын эхээр өр зээл их тавина. Улмаар сарын дундуур халамж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр буух үеэр зээлээ төлөөд сар эхлэх үед ахиад л зээл тавьж эхэлдэг байна.

-"ТАВАН ТАЛХ АВСАН Ч ӨДӨРТӨӨ ЗАРАГДАЖ ДУУСДАГГҮЙ"-

Мөн н.Дорж ахын хэлж буйгаар гэр хорооллын дэлгүүрт таван талх авсан ч нэг өдөрт зарагдаж дуусдаггүй учраас гол нь цөөхөн цөөхнөөр, үнэ хямдхан бараа бүтээгдэхүүн авдаг бөгөөд олон жил ажиллаж хэн хэр худалдан авах чадвартайг сайн мэддэг гэнэ. Улмаар ойр орчмын иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайн мэддэг учраас зээл өгөхдөө аль болох бага хэмжээгээр дараа зээлээ эргэн төлөхөд нь өөрсдөд нь дарамт болохгүй байхаар зээл олгодог аж. Зээлээ төлж чадаагүй иргэд ч олон байдаг бөгөөд зарим тохиолдолд нүүхдээ ч зээлээ төлөхгүй нүүх тохиолдол гардаг байна. Худалдаа эрхлэгчид иргэдэд зээл олгохгүй гэж үзсэн ч гуйсаар, гувшсаар байгаад авах бөгөөд зээл өгөхгүй бол хамаг зовлонгоо тоочоод гуйдаг гэнэ.

Аргагүйн эрхэнд орсон худалдаа эрхлэгчид бага багаар зээлсээр зарим үед бараагаа татах мөнгө багадах тохиолдол ч гардаг гэнэ.

Өдөр ирэх тусам юмны үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргааны чадвар муудаж, хуучин авдаг байсан зүйлээ авч чадахаа больж, цалин мөнгөө хүргэдэг байсан бол хүргэж чадахаа больж, өр зээл тавих талаар л ярих болжээ. Туйлдсан иргэд ч худалдаа эрхлэгчид ч төр засаг ямар нэгэн шийдвэр гаргаж, юмны үнийг багасгахгүй бол амьдрал, амьжиргааны түвшин өмнөхөөсөө илүү муудсан гэдгийг хэлж байлаа.