2023 онд нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй автомашины тоо 325 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 804 мянган автомашин бүртгэлтэй байдаг байна. Эдгээр автомашинууудаас гарсан утаа нийслэлийн агаарын бохирдлын 1/4 буюу 25 хувийг бүрдүүлдэг гэх мэдээлэл бий.
ВИДЕО:
-НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ БАЙВАЛ ШАТАХУУН ӨГӨХГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХОТЫН ДАРГА САНААЧИЛЛАА-
Автомашины агаарт үзүүлж байгаа хамгийн том нөлөө нь азотын давхар исэл байдаг. Автомашинууд тэр дундаа хабрид хөдөлгүүртэй буюу хос хөдөлгүүртэй автомашинуудын нэлээдгүй хувь нь нүүрсэн яндангүй байдаг нь агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг байна. Иймд нийслэлээс нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудад хяналт шалгалт хийхдээ нүүрсэн яндангүй хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт эхний удаа сануулж, хоёр дахь удаагаа автомашиныг нь журмын хашаа руу шилжүүлж, яндангаа сольсон тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэсэн албадлагын арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байв.
Улмаар Хотын дарга Х.Нямбаатар “ШТС-ууд дээр автомашинуудын утааг түргэвчилсэн тестээр шалгаж, бензин олгоно. Нүүрсэн яндангүй байвал шатахуун өгөхгүй” гэж мэдэгдлээ.
Гэвч нүүрсэн янданг шалгах ёстой гол байгууллага бол шатахуун түгээх станц бус Авто оношилгооны төв. Автомашинууд жилд нэг удаа авто тээврийн оношилгоонд ордог. Энэ үед нь яндангаас ялгаруулж буй утааг шалгаж, нүүрсэн яндантай эсэхийг тодорхойлж, шаардлага хангаагүй бол зөрчлөө арилгахыг зөвлөөд буцаах ёстой. Гэтэл одоо нүүрсэн янданг хувийн хэвшил буюу Шатахуун түгээх станцууд шалгах шаардлагатай болоод байна. Иймд бид нүүрсэн янданг хэрхэн шалгадаг болон дээрх шийдвэрт жолооч нар, ШТС-уудын ажилчид ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.
-"ШТС: БИДЭНД БУСДЫН АВТОМАШИНЫ ЯНДАНГ ШАЛГААД ЗОГСОЖ БАЙХ ЦАГ БАЙДАГГҮЙ"-
Иргэд, “Энэ шийдвэр буруу. ШТС-ын түгээгч нарыг тамлаад хаячих байх. Шалгадаг газар нь шалгахгүй. Юу гэж хувийн компанийн түгээгч нар шалгаад байж байх вэ дээ. Бөөн хэрүүл болно шүү дээ” гэсэн юм. Тэгвэл Шатахуун түгээх станцын түгээгч, “Автомашины нүүрсэн янданг шалгаад зогсож байх зав бидэнд гарахгүй. Өвлийн хүйтэнд хүний янданг шалгаад, утааг нь хэмжээд зогсож байх боломж байхгүй. Өөрсдийнх нь хийх ажил болохоос бид хийнэ гэж байхгүй шүү дээ. Шатахуун дуусахад л иргэд түгээгч биднийг элдвээр нь хараагаад байдаг. Гэтэл шатахуун өгөхгүй гэвэл иргэд биднийг есөн шидээр хараах нь ойлгомжтой.
Тийм учраас энэ шийдвэрийг бид дэмжихгүй” гэлээ. Харин Авто оношилгооны төв автомашны нүүрсэн янданг хэрхэн шалгадаг талаар тодруулахад, Техник хяналтын үзлэгийн инженер Б.Ербулан, “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг MNS5014-2020 гэдэг, стандартаар үздэг. CO2 буюу нүүр устөрөгчийн дутуу исэлийн хэмжээ нь 0.20-оос бага байх ёстой. Мөн HC буюу нүүр устөрөгчийн хэмжээ 200-аас бага заах ёстой. Тухайн автомашины хөдөлгүүрээс гарч байгаа хорт утааг нүүрсэн яндан шүүж байдаг. Бүх тээврийн хэрэгсэлд нүүрсэн яндан байгаа. Хосолсон хөдөлгүүртэй буюу hybrid тээврийн хэрэгслүүд, ялангуяа приус маркийн авютомашинуудад зарим тохиолдолд нүүрсэн яндан байдаггүй. Түүнийг нь утааны багажны тусламжтайгаар үзэж шалгадаг. Мөн давхар сувган өргүүр дээр шалгадаг.
Нүүрсэн янданг зарим нь голоор гагнаад, дотор талын шүүлтүүрийг авах зорилготойгоор санаатайгаар салгаад буцаагаад гагначихсан байх тохиолдол гарах нь бий.
Нүүрсэн яндангийн хулгай дэлхий нийтэд ч асар их байдаг. Түүнчлэн бид технологийн картын дагуу шалгадаг учир зарим техникийг үзэхгүй гаргах боломжгүй л дээ. Ямартай ч бид үзэх ёстой зүйлийг нь үзэж, оношлоод зохих шаардлагыг тавиад гаргадаг. Улмаар тодорхой хугацааны дараа зөрчлөө арилгаад ирдэг. Нүүрсэн яндангүй машинаас нүүртөрөгчийн дутуу исэл маш өндөр гардаг. Энэ нь хүний биед ихээхэн хор нөлөөтэй. Мөн нүүрс устөрөгчийн хэмжээ их гардаг” гэлээ.
-НҮҮРСЭН ЯНДАНГ ШАЛГАЖ ЭХЭЛБЭЛ НИЙСЛЭЛ ХОТОД БАЙХ БҮХ ШТС-УУДАД ХЯНАЛТЫН АЖИЛТАН АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛНО-
Ийнхүү Авто оношилгооны төвүүд бид шаардлагатай бүх хяналтаа хийдэг. Зөрчилтэй буюу нүүрсэн яндангүй иргэдэд зөрчлөө арилгах шаардлага тавиад буцаадаг гэсэн юм. Мөн нүүрсэн янданг хулгайд алдах тохиолдол их гардаг гэдгийг иргэд хэлж буй. Нүүрсэн яндан түрээсэлдэг газрууд ч олон байдаг аж. Иймд нүүрсэн яндангүй иргэдийн зарим нь бусдын нүүрсэн янданг түр хугацаанд гуйж тавих, түрээслэх зэргээр асуудлаа шийддэг байна.
Харин Хотын дарга Х.Нямбаатар нүүрсэн янданг хувийн хэвшлүүдээр шалгуулна гэж мэдээллээ.
Гэтэл “төрийн хийх хяналт шалгалтын ажлыг хувийн хэвшил хийнэ гэдэг хэцүү. Түгээгч нарт ч тийм боломж байхгүй” хэмээж байгаа юм. Энэ тохиолдолд шатахуун түгээх станц бүр дээр улсаас тавьсан хяналт шалгалтын ажилтан ажиллана гэсэн үг. Харин Улаанбаатарт 300 орчим ШТС бий. Энэ болгон дээр хүн зогсоогоод, хяналт шалгалт хийгээд байх боломжгүй учир Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан уг шийдвэр буруу гэдгийг иргэд болон ШТС-ын ажилтнууд хэлж байлаа.