Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрээсээ 10 хувийн татварыг улсад төлдөг гэсэн үг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 10 хувийн татварыг бууруулж 5 хувь болгох хуулийн төслийг боловсруулсан байна. Тэрбээр тус хуулийн төслөө УИХ-д өргөн бариагүй бөгөөд ганц 11.1 дэхь заалтыг л өөрчлөх өөрчлөлтийг боловсруулжээ. Мэдээллийг ЭНД дарж унших. Тэгвэл тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
ВИДЕО:
-ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЕ ШАТ БҮРЭЭС НӨАТ АВЧ БУЙ НЬ АЛСЛАГДСАН БҮС НУТГИЙН ИРГЭДИЙН ХАРМААГ ХООСЛООД БАЙНА-
-Та Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Ер нь тус хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагыг та юу гэх вэ?
-Одоо НӨАТ 10, буцаан олголт нь хоёр хувь байна. Миний өргөн барьсан хуулинд НӨАТ-ыг 5 хувиар буулгаж, буцаан олголтыг хоёр хувь хэвээр нь үлдээе гэж байгаа юм. Энэ нь аж, ахуй нэгжүүдэд болон алслагдсан бүс нутагт амьдарч буй ард иргэдэд их чухал. Ганц жишээ хэлэхэд, 500 мл-ийн савлагаатай ус 1000 төгрөгөөр Улаанбаатарт үйлдвэрлэгдэж, 100 төгрөгийн НӨАТ бичигдээд бөөний төвд хүргэгддэг. Бөөний төвөөс хотын дэлгүүрүүдэд тараагдахад 1150 төгрөгөөр хэрэглэгчдийн гарт очиж байгаа юм. Харин Улаанбаатар хотын бөөний төвөөс Ховд аймгийн бөөний төвд хүргэгдэхэд хоёр талын ашиг, тээврийн зардал нэмэгдэхээс гадна НӨАТ төлнө. Цаашлаад Ховд аймгийн бөөний төвөөс Эрдэнэбүрэн сумын дэлгүүрт очиход худалдагч мөн л ашиг, тээврийн зардал, НӨАТ нэмээд зарна. Худалдаа, үйлчилгээний үе шат бүрээс НӨАТ авч буй нь ялангуяа алслагдсан бүс нутгийн иргэдийн хармааг хоослоод байна. Тэгэхээр 500 мл-ийн савласан цэвэр ус өнөөдөр Улаанбаатарт 1150 төгрөгөөр зарагдаж буй бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1600 төгрөгөөр зарагдаж байна. НӨАТ-ийг үйлдвэрлэл, худалдааны тоог хянах зорилготойгоор анх бий болгож байсан. Гэтэл одоо иргэдийн хармааг хоосолдог, аж, ахуй нэгжүүдийг өрөнд оруулдаг л татвар болоод байна шүү дээ. Аж, ахуй нэгжүүд яагаад ингэж их татварын өртэй үлдээд байна вэ гэхээр манайх үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. Гаднаас маш их бараа, бүтээгдэхүүн орж ирэхдээ гаалийн татвар, бүрдүүлэлтгүйгээр орж ирдэг. Тэрнээс дараагийн худалдагчдаа борлуулах гэхээр НӨАТ-гүй. Ийм тохиолдолд НӨАТ-гүйгээр ханцуйн дотроо наймаа, худалдааг хийж байна. Үүнээс болж ажил, үйлчилгээ авсан аж, ахуй нэгжүүд борлуулалтынхаа орлогыг тооцож тайлангаа тавихдаа НӨАТ-ын өрөнд ороод байгаа юм. Мөн манайх хөдөө аж, ахуйн орон. Манай малчид НӨАТ төлөгч биш, бүртгэл нь муу. Тэгэхээр малчдаас сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир авч боловсруулж, үйлдвэрлэсэн аж, ахуй нэгжүүд дараачийн шатанд НӨАТ-аа нэгтгэнэ. Гэтэл малчдаас НӨАТ байхгүй. Тэгэхээр импортлож байгаа талаасаа ч, дотооддоо үйлдвэрлэж байгаа талаасаа ч НӨАТ-ын асуудал орохоор байгаа биз.
НӨАТ бол худалдаа, үйлчилгээг бүртгэдэг татвар болохоос биш хүмүүсийг дарамтад оруулдаг татвар биш. Үүнийг л засах зорилготой.
-НӨАТ-ын хувь хэмжээг бууруулна гэж үе, үеийн парламентын хугацаанд хөндөн ярьж байлаа. Гэвч яригдаж байгаад л дарагддаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын эсэргүүцлийг давж чаддаггүй. Тэгэхээр таны энэ хуулийн төсөл дэмжигдэх үү. Та дэмжүүлэх тал дээр яаж ажиллах вэ?
-Үе, үеийн Засгийн газар, Сангийн яамнаас эсэргүүцдэг. Учир нь нийт татварын орлогын 26 хувийг НӨАТ –аас бүрдүүлдэг. Тэгэхээр орлого талдаа цоорхой үүснэ гэж үздэг. Монгол Улс нийт 180 мянган аж, ахуй нэгжтэй. 180 мянган аж, ахуй нэгжийн 80 мянга нь л НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Тэгэхээр үлдсэн 100 мянган аж, ахуй нэгж нь бараагаа НӨАТ-гүй борлуулж байна гэсэн үг. Дээрээс нь 250 мянган хувь иргэн бизнес хийж, хувиараа хөдөлмөр эрхлэж байна. Үүний дөнгөж 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа юм. Хэрвээ НӨАТ-ын 2 хувийг буцаан олгоод 3 хувийн татвар төлөөд байвал энэ хүмүүс НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Бүх барааг бүртгэж авна гэдэг чинь аж, ахуй нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татварыг бүртгэнэ. Татварын бааз суурь нэмэгдсээр НӨАТ-ын орлого буурахгүй юм. Ийм зоригтой өөрчлөлт, судалгааг хийж чадахгүй байнга төлдөг хэдэн аж, ахуй нэгж дээрээ бүх ачааг үүрүүлчхээд ямар ч татвар төлөхгүй, ханцуйн дотроо наймаа хийдэг хүмүүсийг өөгшүүлж байна.
Энэ бол ялгаатай байдал шүү дээ. Адилхан л татвараа төлөх ёстой. Нэг нь нүдэн дээр баяжаад нөгөө нь татварын байцаагчид дарамтлуулаад байж болохгүй. НӨАТ-ын татвар хэрээс хэтрээд байна.
-Аж, ахуй нэгжүүдээс та санал авсан уу?
-НӨАТ-ын татвар хэрээс хэтрээд байна гэж байгаа. Ганц жишээ хэлэхэд, банш хийдэг үйлдвэр байлаа гэж бодъё. Махаа малчдаас НӨАТ-гүй авна. Гурил болон бусад хольцоо НӨАТ-тай авна. Гэтэл тэр баншны гол зардал болох мах НӨАТ-ын баримтгүй ирж байна Тэгэнгүүт борлуулалтын бүх орлогоос НӨАТ-ын 10 хувийн татвар авахаар нөгөө компани чинь малчдаасаа НАТ-ын баримтгүй мах авчхаад байгаа учраас балраад байна.
-ЭНЭ ХУУЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР БАТЛУУЛНА. ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГОТОЙ НИЙЦЭЖ БУЙ ТУЛ ДЭМЖИНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА-
-НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч би л төлдөг. Энэ төлсөн татвараасаа 2 хувийн буцаан олголт авдаг. Өмнөх парламентын үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар миний авдаг хоёр хувийн буцаан олголтыг нэмж 5 хувь болгоно гэж байсан. Тэгэхээр таны боловсруулсан хуулийн төсөл үүнээс юугаараа давуу талтай байх юм бэ?
-Нэг суманд 20 дэлгүүр байлаа гэж бодоход хоёр юм уу нэг нь л НӨАТ-ын баримт өгч, үлдсэн 19 нь НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа. НӨАТ-ын баримт өгөхгүй байхаар НӨАТ-ын сугалаа, буцаан олголт байхгүй гэсэн үг. Тэгэхээр 10 хувийн буцаан олголт 5 хувь боллоо ч сумын иргэдэд ямар ч нөлөөгүй. Түүний оронд НӨАТ-ын татварыг таван хувь болгоод, хоёр хувийг буцаан олгоно гэвэл хүмүүс дуртай төлнө. Дэлгүүрүүд ч бүгд НӨАТ-ын баримт шивдэг болно. Тэр тохиолдолд буцаан олголтоо хангалттай авна гэсэн үг. Гэтэл татвар нь өндөр байхаар “бараагаа НӨАТ-ын татвартай авах уу, НӨАТ-гүй авах уу” гэж асуухад иргэдийн ихэнх нь хямдханыг нь бодоод “НӨАТ-гүй авъя” л гэнэ. Ингэхээр сумдуудад байгаа дэлгүүрүүд НӨАТ олгохгүй байх боломжийг бүрдүүлээд байгаа юм.
-Ер нь аливаа нэг төрлийн татварыг бууруулъя, ААН-үүдээ дэмжье гэхээр Сангийн яамнаас “Арайхийж босгосон эдийн засгийг савлуулна. Тэтгэврээ тавьж чадахгүй бол яах вэ” гэх тайлбар хэлдэг. Манайх шиг ийм эдийн засаг, инфляци, орлоготой улсад НӨАТ-ын хувь хэмжээ хэд байдаг юм бол. Та гаднын жишээтэй харьцуулж үзсэн үү. Мөн Сангийн сайд хэрвээ өмнөх шигээ хариулт хэлбэл та ямар тайлбар өгөх вэ?
-Өнөөдрийн байдлаар 10 хувийн НӨАТ-ын татварыг дэлхийн 200 орноос 80 гаруй орон нь авдаг. Бид үйлдвэрлэгч орон биш. Гол орлогоо уул уурхайн салбараас олдог. Бид уул уурхайн орноос үйлдвэрлэгч орон болохын тулд татварын зөв бодлого хэрэгтэй. Гэтэл үйлдвэрлэл эхлээд л НӨАТ дээрээ уначихдаг бол энэ систем нь Монголыг үйлдвэрлэгч орон болгож чадахгүй. Манай улсын татварын бодлого Монголчуудын амьдралыг хүнд нөхцөлд аваачиж, олон ААН-үүд өрийн дарамтад орж байна. Монгол Улс яавал үйлдвэрлэлээ хөгжүүлэх вэ гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй. НӨАТ-ын татвар анхнаасаа л аливаа худалдаа үйлчилгээг бүртгэх л зориулалттай байсан. Гэтэл сүүлдээ хамгийн өндөр татварын орлого оруулдаг татвар болгож хувиргаад, оруулж ирсэн татварын орлогыг нь УИХ үр дүнгүй тараадаг болж хувирлаа. Иймд НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой. Ерөнхий сайд саяхан мэдээлэл хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл болон татварын хувь хэмжээг бууруулах арга хэмжээ авна гэж ярьсан. Тэгэхээр энэ хуулийг Засгийн газар дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Бид орлого оллоо гэхэд орлогоосоо 10 хувийн татварыг төлдөг. Ажилтанд цалин өгөхөд ахиад тэндээс татвар авдаг. Цалин авч байгаа хүн ч бас татвар төлдөг. Өндийлгөхгүй байгаа энэ их татвар дээр шинэчлэл хийх цаг нь болсон гэдэгтэй санал нийлдэг үү?
-Хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг зайлшгүй төлөх ёстой. Гэхдээ хувь хэмжээ өндөр байгаа юу гэвэл мэдээж тийм. 2017 онд бид олон улсын валютын сангийн хөтөлбөрт орохдоо нэлээд олон шаардлагуудыг дагана гээд жил хагас болоод олон улсын валютын сангаасаа гарсан. Гарангуут Засаг талаасаа замбараагүй зээл авах, замбараагүй зардал гаргах зүйлүүдийг тоолгүй хаячихаад нийгмийн даатгалын шимтгэл өндөр хувьтай байх, тэтгэвэрт гарах насыг уртасгах зэргээр иргэдэд хүндрэлтэй шийдвэрийг өнөөг хүртэл хэрэгжүүлээд явж байгаа. Иймд хаврын чуулганаар эдийн засагт хэрэгтэй гол асуудлуудыг шийдвэрлэнэ. Учир нь Ерөнхий сайд томоохон төслүүдээ хөдөлгөж, ахиухан экспорт хийж орлогоо олох, буцаагаад үйлдвэрлэгч байж чадахгүй байгаа, татварын дарамтанд ороод байгаа ЖДҮ-ийг татварын дарамтгүйгээр хөгжүүлье гэсэн бодлого тавьж байна гэж харж байгаа. Тийм учраас НӨАТ-ын төлбөрийг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь Засгийн бодлоготой нийцнэ л гэж үзэж байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.