Ч.Өнөрбаяр: Сайд нар, яамдууд өөрөө өөртөө дүн тавьдгийг больё /ВИДЕО/

Ч.Өнөрбаяр: Сайд нар, яамдууд өөрөө өөртөө дүн тавьдгийг больё /ВИДЕО/

Хяналт үнэлгээний Үндэсний хорооноос өнөөдөр /2024.11.25/ мэдээлэл хийлээ.

Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр, "Газрын тусгай зөвшөөрлийг шалгана. Хүндээ байна уу, тогтолцоон дээрээ байна уу гэдгийг гаргаж ирнэ. Муу тогтолцоотой бол бурхан шиг хүн очоод ч нэмэргүй шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдаас 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр 01 дугаартай албан даалгавар өгсөн. Үүнд, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргаж, Засгийн газрын гишүүд буюу сайд нарын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг байя, яамдын гаргаж буй ажлын үр дүнг үнэлж, уялдуулдаг байя гэсэн. Энэ албан даалгаварт хяналт тавих үүргийг Э.Одбаяр сайдад өгсөн. Бид хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгч байна.

Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх асуудлыг 2018 онд анх тогтоол гаргаж байсан. Тухайн үеийн Засгийн газрын бүтэцтэй уялдаж хийгдэж байсан гэсэн үг.

Гэтэл одоо 2020-2024 он гээд шинэ Засгийн газар бүрдэж, 2024-2028 он эхлэх гэж байтал шинэчлэгдэж чадаагүй. Засгийн газар шинэ бүтцээр ажиллах гэсэн чинь нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр ажлаа үнэлдэг зүйл нь 2018 оныхоор байж таарахгүй. Судлаад үзэхээр Байгаль орчин, уур амьсгалтай холбоотой бүх үзүүлэлтийн хугацаа нь дуусчихсан байна лээ. Үүнийг шинэчлэх ажил хийгээгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам дээр үзүүлэлтийг шинэчилж байна. Бусад яам дээр хийгээгүй. Ирэх сард бүх яамны ТНБД нарыг хүлээн авч уулзана.

Засгийн газар, яамд өөрсдийгөө үнэлдэг, дүгнэдэг. Хэн ч өөртөө муу дүн тавихгүй. Харахад өндөр үнэлгээ аваад байдаг. Бодит байдал дээр иргэдийн сэтгэл ханамж, төрийн хүртээмжтэй байдалд ахиц гардаггүй. Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92-98 хувьтай байна гээд байдаг. Гэтэл иргэдийн төрд итгэх итгэл тэр хэмжээнд байх ёстой ч харамсалтай нь эсрэгээрээ байна. Ийм маягаар явж ирсэн учраас яамдыг үнэлдэг шалгуурыг гаргах ёстой. Ингэхийн тулд олон улсын индексүүдийг ашиглана. Жишээлбэл, авлигын индекс байна. Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 180 улсаас 121-д жагсаж байна. Бид авлигатай тэмцээд үр дүн гардаггүй. Авлигатай тэмцэх газрын үүрэг биш. Бүх яам энэ индексийг бууруулахад оролцож, тайлагнана.

Боловсролын салбар гэхэд хэдэн цэцэрлэг, сургууль барьсан гэж ярьцгаадаг. Сургууль баригдсан тоогоороо чанар нь дээшилж, сайн мэргэжилтнүүд төрж байна уу. Харамсалтай нь чанарын өөрчлөлт гарахгүй байна. Сурлагын амжилтыг үнэлдэг шалгуурыг оруулж ирье. Эргээд Засгийн газарт тайлагнадаг байя. Эдийн засгийн эрх чөлөөний индекс гэж бий. Бид олон улсын индекс дээрээ унадаг. Цахим засаглалын индексээр л 193 улсаас 47-д орж байгаа. Бусад бүх индексээрээ ухарч байгаа.

Байгаль орчны салбарын агаарын чанарын олон улсын индексээр Монгол Улс 180 улсаас 172-т жагсаж байна. Гэтэл энэ салбарт маш их мөнгө зарцуулдаг. Энэ индекс л буурдаг болъё. Тэгж байж бодит үр дүн гарна.

Харин эдийн засгийн эрх чөлөөний олон улсын индексээр 176 улсаас 76 дээр байгаа. Энэ хангалттай биш. Монгол чөлөөт эдийн засагтай, ардчилсан орон. Өнөөдөр төр нь хувийн хэвшилтэй уралдаж, бизнес хийдэг, төрийн өмчит компаниудын удирдлагууд нь өндөр хангамжтай байдаг. Төрийн өмчит компаниудыг цэгцлэх цаг нь болсон. Төрийн албан хаагчийн тоо биш төрийн өмчит компаниудын тоо нэмэгдээд байдаг. Ер нь сайд нар, яамдууд өөр өөртөө дүн тавьдгийг больё.

Бид ирэх жилээс эмийн чанарын асуудал дээр ажиллахаар төлөвлөсөн. Нэг ноцтой дүгнэлт байна лээ. Монгол Улс иргэдийн өвчлөл дээр бизнес хийдэг улс болсон байна. Монголчууд эм биш хор уудгаа больё. Монгол Улсын стандартад байна уу. Бас нэг асуудал байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга нь өөрөө хүсэлт гаргасан. Нэг мөрдөн байцаагчийн дээр 14 дарга байна. Ирэх долоо хоногоос удирдлагуудтай нь уулзах гэж байна. Ажил хийдэг хүн нь бага болжээ" гэжээ. 

ВИДЕО: