Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг энэ пүрэв гарагаас 11-15 насны хүүхдүүдэд хийж эхэлнэ

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг энэ пүрэв гарагаас 11-15 насны хүүхдүүдэд хийж эхэлнэ

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг энэ пүрэв гарагаас буюу /2024.11.28/-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өгөхдөө, "Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийх гэж байна. Ялангуяа хавдрын шалтгаан болж байгаа вирусийг өвөрмөц сэргийлэлт буюу вакцинаар сэргийлэх боломжтой. Энэ өвөрмөц сэргийлэлтийг дэлхийн олон улс орон хэрэгжүүлж, хавдрын өвчлөлийг бууруулах, хяналтад авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жишгээр Монгол Улс хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт нэвтрүүлж, зорилтот насны хүүхдүүдээ ирээдүйд хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна" гэв.

Мөн уг вирус халдварлахдаа бэлгийн замаар дамждаг учраас энэ харьцаанд орох наснаас нь өмнө дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Вакцины заавар дээр 9-14 насны хүүхдүүдэд хийхийг зөвлөмж болгодог ажээ.