УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.20/ хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам " Энэ хуулийг өнгөрсөн парламентын хугацаанд бид баталсан. Тус хуулийг баталсан шалтгаан нь маш олон төрлийн койн гарч ирээд үүнд хүмүүс хувийн өмч, хөрөнгөө зараад хөрөнгө оруулаад байсантай холбоотой. Хамгийн гол нь тэр мөнгө нь зүв зүгээр байж байгаад өсөх юм шиг ойлголттой байгаад байсан юм. Үр дүн нь маш олон иргэд хохирсон.Ер нь энэ хуулийг тодорхой хэмжээгээр оройтож баталсан юм шиг санагддаг. 92 байгууллагыг цагдаад өгсөн гэж байна. Үүнээс хамгийн ихээр олны "хэл ам"-ыг дагуулсан IHC койны асуудал хэрхэн шийдэгдсэн бэ" гэлээ.
Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооноос хариулахдаа "Хуулийг хэлэлцэж эхлэхэд 2 койн байсан бол батлагдах үед 66 койн болж өссөн. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Татвар, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж койнуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Ингээд бүгдийг нь шалгаж байгаа. IHC койны мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос шинжээч, гэрчийн мэдүүлгийг өгч байна" гэсэн юм.
ВИДЕО: