“Дэлхийн тэтгэвэр, Нийгмийн хамгаалал, Баялгийн сан” сэдэвт Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт “Хүн төрөлхтний төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” уриан дор боллоо.
БНХАУ-ын Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болсон уг дээд хэмжээний чуулга уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үндсэн илтгэгчээр оролцжээ. Тэрбээр Монгол Улсын нийгмийн хамгаалал, тэтгэвэр, баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал болон дээрх салбаруудад Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын томоохон шинэчлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулсан байна.
Уулзалтын үеэр дэлхийн хөрөнгийн удирдлага хариуцагчдын хамтын ажиллагааг сайжруулах замаар хөрөнгө хуваарилалт, тэтгэврийн сан, хуримтлалын сан, нийгмийн хамгаалал болон Үндэсний баялгийн сангуудын үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг бууруулах шийдлүүдэд чиглүүлэх, хамтран ажиллах талаар хоёр өдрийн турш хэлэлцсэн аж. “Дэлхийн тэтгэвэр, Нийгмийн хамгаалал, Баялгийн сан” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт цар тахлын дараа болж буй хөрөнгийн удирдлагын чиглэлээр дэлхийн тэргүүлэх хамтын ажиллагааны байгууллагууд болон тэтгэвэр, нийгмийн хамгааллын салбарын анхны уулзалт гэдгээрээ онцлогтой.
“Ази, Номхон далайн хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны байгууллага нь Засгийн газрын тусгай сангууд, хувийн тэтгэврийн сан, Баялгийн сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан стратегийн байгууллага юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр байгууллага Ази тивд байхгүй бөгөөд уг дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулав.