Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлахаар боллоо

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлахаар боллоо

НЗДТГ-аас инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд 2024-2028 онд лаг хатаах, шатаах үйлдвэр байгуулах, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэхээр үе шаттай ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал төв цэвэрлэх байгууламжийн ажил одоогоор дууссан ч бохир дамжуулах шугам, лаг хатаах үйлдвэр баригдаагүйн улмаас ашиглалтад орох боломжгүй байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтынхаа талаар мэдээлэхдээ, “Манай улс одоогоор лагийг талбай дээр гарган байгалиар нь хатааж, булж байгаа. Бусад орнууд үүнийг лаг шатаах битүү зууханд шатааж, эрчим хүч, хий гаргаж аван, үлдсэнийг нь барилгын материал болгон ашигладаг. Тиймээс эхний ээлжид лаг хатаах, шатаах үйлдвэр барихаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тендер зарлахаар болжээ.  Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлах үүргийг нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшинд даалгажээ. Эдгээр үйлдвэрийг ашиглалтад оруулснаар төвлөрсөн хогийн цэгүүдийг хаах, цаашлаад хог цуглуулах менежментийг боловсронгуй болгох зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.