Аюултай хог хаягдал үүсгэгч болон дахин боловсруулах 111 объектыг шалгахад 45 хувь нь зохих журмын дагуу устгалд оруулдаг байна

Аюултай хог хаягдал үүсгэгч болон дахин боловсруулах 111 объектыг шалгахад 45 хувь нь зохих журмын дагуу устгалд оруулдаг байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас улсын хэмжээнд 9 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдал хадгалах, ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 286 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулав. Шалгалтаар 339.4 тн, 6014 ширхэг, 1700 литр аюултай хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид шилжүүлэн устгуулж, устгалд оруулсан хог хаягдалд эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас гарсан хуванцар сав 22тн, химийн бодисын сав 5801 ширхэг, шуудай 103.4 тн, хийн баллон 213 ширхэг, ашиглалтын хугацаа дуссан химийн бодис 2.44 тн, ашигласан тос, масло 1700 литр, 203 тн, төмөр сав 6.2тн, тостой арчих материалыг 2.4 тн байв.

Аюултай хог хаягдал үүсгэгч болон дахин боловсруулах 111 объектыг хяналт шалгалтад хамруулахад 45 хувь нь зохих журмын дагуу устгалд оруулдаг бол үлдсэн хувь нь эх үүсвэр дээрээ хадгалдаг байна. Мөн химийн хорт болон аюултай бодис эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн 175 объект давхардсан тоогоор 9874 нэр төрлийн, 2 сая гаруй литр, 1973,4 тн химийн бодис ашиглаж байна. Дээрх байгууллагуудын эрсдэлийн түвшнийг үнэлэхэд 31 хувь нь их, 41 хувь дунд, 28 хувь нь бага буюу дунджаар 38 хувьтай үнэлэгджээ.  Хяналт шалгалтын явцад 170 гаруй зөрчил дутагдал илэрч, 68 буюу 39 хувийг нь бүрэн арилгуулж, зөрчил дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд холбогдох журмын дагуу арга хэмжээ авч, цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.