Б.Жаргалан: Нийслэл орон сууц барих нэрээр мөнгө угааж буй асуудлыг асуух гэхээр Х.Нямбаатар дарга нь бүлгийн хуралд ирж мэдээлэл өгсөнгүй

Б.Жаргалан: Нийслэл орон сууц барих нэрээр мөнгө угааж буй асуудлыг асуух гэхээр Х.Нямбаатар дарга нь бүлгийн хуралд ирж мэдээлэл өгсөнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.11.18/ ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгсөн байна.

Энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ " Бөөрөлжүүтийн цахилгаан станцад нийслэлээс бонд гаргаж санхүүжилт өгсөн. Тэрийг нь хэрэгжүүлж байгаа “Буянт” компани, “Голомт” банк бондыг нь худалдаж аваад өөрөө, өөртөө хэрэглэж байх жишээтэй. Энэ механизмууд өөрөө хуульд хэр их нийцэж байгаа юм. Үүнтэй холбоотой тодруулах олон асуудал харагдаж байна. Үүнээс гадна, Улаанбаатарын серитэй дугаар олгохгүй асуудал нийгэмд хэлэлцүүлэг үүсгээд байна.Үүн дээр Хууль зүй дотоод хэргийн яамнаас өгсөн шаардлагыг тодорхой хэмжээнд үндэслэлтэй гэж харж байгаа. Иргэдийн өмчлөх эрх, хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна гэж үзэж байна. Сая Нийслэлийн Засаг даргын орлогчийн ярьснаар Тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулахаар ажиллана гэлээ, ирэх дөрвөн жилд. Гурван сарын өмнө УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай байгаагүй.  Тэгэхээр Засгийн газраасаа тусдаа, эрчим хүчний яамнаасаа тусдаа тавдугаар цахилгаан станц барих гэж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Эрчим хүчний яам нь оролцдоггүй эрчим хүчний байгууламж  байж болох уу ийм асуудал ч гарч ирж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн  Б.Жаргалан ярихдаа, “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Орон гэртээ сайжруулсан түлшний улмаас угаартаж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол олон гарсан. Гэтэл энэ жил сайжруулсан түлшээ дахиад л түлнэ гэсэн хариултыг нийслэлээс өгч байна. Сайжруулсан түлшний улмаас хүхрийн агууламж нэмэгдэж байгаа гэлээ. Мөн гишүүдийн асуусан асуултад хангалттай хариулт өгч чадахгүй байна. Агаарын бохирдолттой тэмцэх үндэсний хороог 2023 оны арваннэгдүгээр сард татан буулгасан байна. Улсын нэгдсэн төсөв маш их хэмжээгээр тэлсэн байгаа. Зэс, алт, нүүрснээс мөнгө олж чадаж байгаа бол нэг номерт агаарын бохирдолтой тэмцэх ёстой. Нийслэлд өнгөрсөн онуудад маш их хэмжээний төсөв тавьсан. Тухайлбал, 2024 оны төсвийн тодотголд нийслэд маш их хэмжээний мөнгө тавигдсан. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхөд 584.3 тэрбум төгрөг суулгасан. Газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байгаа. Нийслэл өөрөө бонд гаргаад улсын өр нэмээд явж байгаа. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд Сэлбэ дэд төв дээр чөлөөлсөн газар дээр нийслэл өөрөө захиалгачаар нь ажиллаад 240 тэрбум төгрөгөөр орон сууц бариулах гэж байгаа. Есдүгээр сард тендер зарласан. Нийслэл өөрөө орон сууц барьдаг арга руу шилжиж байгаа. Чөлөөлсөн газраа дуудлага худалдаагаар хувийн хэвшилдээ шилжүүлдэггүй юм уу. Хувийн хэвшлийн хийж чадах ажил дээр нийслэл яагаад ажиллаад байна вэ. Нийслэлээс ирсэн хүмүүс энэ асуудал дээр хангалттай хариулт өгөхгүй байна. “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 824 тэрбумын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байгаа хэрнээ 12 мянган айлын орон сууц барих болж байна. Хот өөрөө орон сууц барина гэхчлэн мөнгө угаасан хэлбэрийн арга хэмжэ авагдаж байгаа нь хангалтгүй байна. Нийслэлийн удирдлагаас асуулт асуусан ч хариулт өгч чадсангүй. Х.Нямбаатар даргыг ирж хариулт өгөхийг хүсч байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Нийслэлээс агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр танилцуулга хийхээр орлогч дарга нь болоод бусад албаных хүмүүс нь ирсэн. Мэдээллийг хангалттай өгсөнгүй.

Х.Нямбаатар дарга томилолттой гээд ирээгүй.  Тийм учраас Х.Нямбаатар даргыг өөрөө биеэрээ байлцаж мэдээлэл өгөх ёстой гэж бүлэг үзлээ.

Машины дугаарын асуудал дээр мэргэжлийн хуульчид өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан. Тэр бүгдтэй санал нэг байгаа. Дэлхийн томоохон хотууд түгжрэлээ шийдэхийн тулд хүний эрхэнд, машинтай байх эсэхэд хориг тавьж түгжрэлээс гарсан нэг ч жишиг алга. Нэг, Хотын төвд машин унана гэдэг бол үнэхээр өндөр зардал юм байна гэдгийг иргэддээ ойлгуулсан, хоёрт нийтийн тээврийг сайжруулсан, нийтийн тээврийг төрөлжүүлсэн. Манайх шиг машин ихдээд байна. Нэмж машин авч болохгүй гэж хориогүй. Номер, дугаар өгөхгүй гээд авлигын шинэ дараалал үүсгэчихдэг. Энэ бол шийдэл биш, залхуурал. Бодлогын шийдлээ үнэхээр авч чадахгүй байна. Ядаж л явган хүний замаа засч чадахгүй байна. Нийтийн тээвэр байх, хувийн машин унах нь өндөр зардал гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ гээд хотын даргыг дуудахаар ирэхгүй ийм л байдалтай байна" гэлээ.