Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар энэ оны эхний арван сарын байдлаар ажиллах хүчний оролцооны түвшин 63 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар өссөн үзүүлэлт гэлээ.
Мөн хүйсээр авч үзэхэд, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 72 хувь, эмэгтэйчүүдийнх 54 хувь байгаа бол 25 -29 насны бүлэгт оролцооны түвшин хүйсийн хувьд хамгийн өндөр зөрүүтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар өсчээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 67 хувь, харин эмэгтэйчүүдийн хувьд 51 хувь байгаа ба эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн зөрүү 15 нэгж хувь байна. Түүнчлэн ажиллах хүчний оролцоо нэмэгдэхэд ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34 мянгаар, өмнөх улирлаас 13 мянгаар өссөн нь голлон нөлөөлжээ.