Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудлыг машинтай зүйрлэвэл шар гэрэл нь асчихсан, аваарийн байдалтай яваа. Цаашид эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Улсын бүртгэлийн байгууллагаас тавдугаар ДЦС орон нутгийн өмчит компанийн нэрийг нь авсан. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар Хэмнэлтийн хуулийн дагуу шинээр компани байгуулах тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авна. ТЭЗҮ нь бэлэн болсон. "Power China" компанийн хийсэн 300 MВт-ын ДЦС-ын ТЭЗҮ-г Эрчим хүчний яам дахин шинэчилж манайд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Хоёрдугаар ЦС-ын ард талд баригдана. Төр хувийн хэвшлийн хүрээнд тендерийг ирэх нэгдүгээр улиралд багтаан зарлана" гэв.