Г.Ганзориг: Кино үзэх завгүй хүмүүсийн цагийг хэмнэх үүднээс кино товчлол ярьж эхэлсэн нь хүмүүст хүрч, 400 мянган дагагчтай болсон

Г.Ганзориг: Кино үзэх завгүй хүмүүсийн цагийг хэмнэх үүднээс кино товчлол ярьж эхэлсэн нь хүмүүст хүрч, 400 мянган дагагчтай болсон

Сүүлийн үед юүтүб сувагт өөр өөрсдийн өнгө төрхийг шингээн гадаад кино товчлон ярьж, энэ нь ч их хотын амьдралд завгүй яваа иргэдийн цаг завыг хэмнэх цаг үеэ олсон салбар болжээ. Энэ салбарт өөрсдийн байр сууриа эзэлж, эдийнээ тогтмол үзэгчтэй болоод амжсан залуус бол CGA Tv.

Тэд өдгөө 400 мянган дагагчтай болж, өөрсдийн хэмжээнд салбартаа танигдсан. Тэд видеогоо хоёул хамтран хийдэг бөгөөд төрсөн ах болох Г.Ганболд нь эвлүүлэг, монтаж зэрэг арын албаны ихэнх зүйлийг хийдэг бол дүү Г.Ганзориг нь хоолой уншиж, хөтлөгч хийн, кино тэкстээ бэлддэг байна. Ийнхүү олон жил хамтран амжилттай ажилласан юүтүбэр ах дүүс болох Г.Ганзориг, Г.Ганболд нарын ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Анх CGA TV бүтсэн түүхээс хуваалцахгүй юу. Хэдэн оноос юүтүб салбарт орсон бэ?

-2016 онд анх юүтүб сувгаа нээж байсан. Тухайн үед өнөөдрийнх шиг кино товчлол ярих бус танин мэдэхүйн чиглэлээр буюу дэлхийн чухал таван нээлт зэрэг график дизайнаар танин мэдэхүйн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэж байгаад 2020 оноос эхлээд одоогийн жанраар нэвтрүүлэгтээ хийдэг болсон. Эхэндээ кино яаж, хэрхэн бүтдэг талаар  яридаг байсан бол сүүлдээ киног илүү спойлдож, утгачилж яридаг болсон.

Сүүлийн үед л трэндээ дагаад болсон үйл явдал гэхээс илүүтэй киноны үйл явдлыг л эхнээс нь дуустал нь ярьчихдаг болсон.

 -Кино ярихад хоолойны өнгө хэр чухал вэ?

-Хоолойны өнгө мэдээж чухал байдаг. Би өөрөө рекламны хоолой уншихыг мөрөөддөг байсан.  Мөн их сургуулиа төгссөний дараа хөтлөгчийн сургалт болон телевизед дагалдан хийж, хоолойгоо бага багаар бэлдээд л байсан.

-Ахтайгаа юүтүб бичлэгээ хийдэг гэж сонслоо. Ажлаа хэрхэн хувааж авч хийдэг вэ. Бас анх яагаад хамтрах болов?

-Юүтүб сувгаа ахтайгаа хамтран хийдэг. Ах бид хоёр хоёулаа ажлаа яг тавь тавин хувиар хувааж хийдэг. Ах маань дүрсжүүлэлтийг хариуцаад би хоолой уншилтын талыг хариуцан ажилладаг гэсэн үг. Ах маань 3D анимейшн график дизайнр мэргэжилтэй. Мэдээж контент бүтээхэд хамгийн гол үүрэг ролийг гүйцэтгэдэг. Миний хувьд өөрийн сонирхлоороо шүлэг ч юм уу унших дуртай болохоор ах бид хоёр нэгдээд өнөөдрийн CGA TV үүссэн дээ.

Өмнө нь зөвхөн график дизайнтай холбоотой мэдээлэл бэлтгэдэг байсан бол дараагийн удаа нь кино, кино факттай холбоотой мэдээлэл бэлтгээд эхлэхэд тэсрэлт хийгээд л, тэр дороо хүмүүст маш их хүрсэн.

-Энэ төрлийн видео хийдэг маш олон залуус байдаг болсон байна. Юугаараа үр өгөөжтэй гэж боддог вэ?

-Дэлгэц үзэх завгүй байдаг хүмүүсийн цагийг нь товчилж өгдөг болов уу гэж боддог. Магадгүй 16 ангитай кино байлаа гэж бодход нэг цагийн дотор яриад өгчихөөр цагийг нь маш их хэмнэдэг байх.

-Сөрөг сэтгэгдэл хэр ирж байна?

-Бид хараалын үгийг блоклочихсон байдаг. Хүмүүсийн амны уншлага болчихсон хараалын үгнүүдийг хэд хэдэн янзаар бичээд блоклочихдог. Намайг үзэж байгаа хүмүүс юу гэх бол гэж их санаа зовдог байсан. Нэг зүйл уншчхаад л энэ дээр одоо хүмүүс юу гэх бол, намайг үзэн ядаж хараах болов уу гэж их айдаг байсан. Одоо бол харьцангуй дасан зохьцсон байна.

-Монгол цөөхөн амтай, энэ төрлийн зах зээл нь бага гэсэн үг. Энэ салбар цаашаа хэр хөгжих бол?

-Кино ярьдаг сувгууд нэлээд их байгаа. Одоо бол энэ салбар ханачихсан гэж хардаг. Намайг сувгаа анх эхэлж байх үед одоогийнх шиг их сувгууд байгаагүй. Цөөхөн байлаа. Одоо бол нэлээд их байдаг болж. Ихэнх нь дандаа кино спойлдож ярьдаг болсон байна. Ер нь алсдаа youtube-ээр кино яридаг хүмүүс багасах байх гэж харж байгаа. Нэгдүгээрт Монголын зах зээл нь бага. Хоёрдугаарт оюуны өмч, цаашлаад youtube-ийн өгөгдөл гэх зүйлүүд илүү нарийн болж байна.

Оюуны өмчөө одоо илүү их хамгаалж өгдөг болсон гэх үү дээ. Ялангуяа Ази кинонуудыг сонгоод ярих үед copyright заах тохиолдол их байдаг.

-Ойрын зорилгоосоо бидэнд хуваалцахгүй юу?

-Ах бид хоёр animаtion төрөл рүү орж, тэмцээн уралдаанд оролцох зорилгыг тавьсан байгаа. youtube хийж эхлэх гэж буй залуучууддаа хандаж хэлэхэд хамгийн гол нь тууштай байгаарай. Хийгээд л байдаг ч тэр бүр олонд хүрч хандалт авах нь ховор байдаг. Энэ бүгдэд шантрахгүй байх нь хамгийн чухал шүү гэж хэлмээр байна даа.

Ийнхүү түүний ах Г.Ганболдтой бид контент хэрхэн бүтдэг талаар мөн ярилцлаа.

Тэрбээр, “Youtube хийх нь ажлын хажуугаар багагүй, тодорхой хэмжээнд орлогыг бүрдүүлчихдэг. Орлого олох шалгуур нь Youtube-д дөрвөн мянган цагийн үзэлттэй, мянган дагагчтай байх шаардлагыг тавьдаг юм байна лээ.

Киногоо сонгохдоо хамгийн эхэнд өөрийнхөө үзсэн кино архивт байгаа кинонуудаа ярина. Гэхдээ дандаа өөрийн үзсэн киногоо яриад байж болохгүй. Хоёрдугаарт хүмүүсийн ямар кино үзэж сонирхож байна гэдгийг судалж цаг үеэ мэдэрч киногоо сонгодог. Гуравдугаарт хүмүүсийн хүсэлтийг их сонсдог доо. Бичлэг хийхэд хамгийн эхэнд ямар бичлэг хийх вэ гэдгээ сонгочихсон байх ёстой. Мөн хийх гэж буй бичлэгийг өөр хүмүүс хийсэн байна уу. Хийсэн бол хэрхэн яаж хийсэн байна вэ гэдгийг анзаарч судална. Товчхондоо эхлээд бичлэгээ шийднэ. Дараа нь скрипт болгож гаргана. Бичвэр бичихэд ойролцоогоор гурван цаг болдог. Саунд уншихад 30 минут бичлэгээ мантажлахад 4-5 цаг болдог. Тэгэхээр ганц бичлэг хийхийн тулд яг найман цагийг зарцуулдаг гэсэн үг.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө