Арваас доошгүй жил мал малласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй сургах заалт ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тодруулбал, УИХ-аас баталсан Малчны тухай хуулийн 4.2.5-т “ 10-аас доошгүй жил тасралтгүй малчнаар ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр, тэжээлийн чиглэлээр үнэ төлбөргүй сургана” гэж заасан аж. Үүнд иргэд хоёр талын байр суурьтай байна.
Тэгвэл дээрх хуулийн зохицуулалттай холбоотойгоор Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Тэрбээр “малчдыг дэмжлээ, малчны хүүхдийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх нь буруу гээд байгаа нөхдүүдэд нэг үг хэлье. Танай гэрийн гадаа байгаа тоглоомын талбай, гэрэлтүүлэг, танай руу хүрэх зам гээд бүх бүтээн байгуулалтыг бүх иргэдийн төлсөн татвараар санхүүжүүлдэг. Харин малчин өрхийн гэрийн гадаа юу ч байхгүй. Тэд татвараа төлсөн ч эргээд төрөөс юу ч хүсдэггүй чимээгүй л ажилладаг.
Таны хүүхэд 20-100 км-ийн зайд сургуульд явж, та өөрөө 20-100 км-ийн зайд очиж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг бол ямар их гомдол мэдүүлж, төр засаг руугаа дайрч байгаа болоо. Малчид өөрийнхөө төлөө ажиллаж байгаа гэж байгаа бол ТА ч мөн өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа. Гэхдээ малчид өөрийнхөө төлөө амьдрахаас гадна Монгол Улсын газар нутгийн мөнхийн манаанд зогсож байдаг хүмүүс юм. Төр засаг бүх ард иргэдийн төлөө ажиллахаар бүх ард иргэдийн саналаар байгуулагддаг боловч малчдад ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй шүү” гэжээ.