Өнгөрсөн онд 2400 хүүхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зөрчлийн хэрэгт холбогджээ

Өнгөрсөн онд 2400 хүүхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зэрэг зөрчлийн хэрэгт холбогджээ

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдсон нийт 2718 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65.2 хувь нь орон нутагт, 34.8 хувь нь Нийслэлд бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг 229, Баянзүрх дүүрэг 151, Чингэлтэй дүүрэг 129, орон нутгийн хэмжээнд Баянхонгор аймаг 221, Увс аймаг 202, Дорнод аймаг 187 гомдол, мэдээлэл шалгагдсан нь хамгийн их байна.

2024 онд хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1254, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 729, хүний биед халдах 134, хулгайлах 49, танхайрах 45, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 42, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 42, хүүхдийн бие махбодид халдах 40, Эд хөрөнгө устгах, гэмтээх 29, бусад 36 зөрчилд хүүхэд холбогджээ.

Хүүхэд холбогдсон нийт зөрчлийн 46.8 хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон”, 30.4 хувийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.

Хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл 2053 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол 91 зөрчилд шийтгэл оногдуулж, 241 зөрчлийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд хүргүүлж, 15 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.