ТОЙМ: Ерөнхийлөгч Х.Баттулгын хэл, ам дагуулсан айлчлалын үр дүн юу байв

ТОЙМ: Ерөнхийлөгч Х.Баттулгын хэл, ам дагуулсан айлчлалын үр дүн юу байв

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д айлчлав. Түүний айлчлал ард иргэдийн хувьд урьдчилан мэдэгдээгүй гэнэтийн байсан юм. Таван цаг үргэлжилсэн энэ удаагийн айлчлалаар Ерөнхийлөгч Х.Баттулга ямар ажил амжуулав гэдгийг бид онцолж байна.

-50-60 САЯ ЮАНЬТАЙ ТЭНЦЭХ ХОНЬ БЭЛЭГЛЭВ-

Мэдээж, Улс төр эдийн засаг, нийгмийн зэрэг салбарт бид харилцан ашигтай гэрээ, хэлцэл эхлүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл өмнөх шигээ бид мөнгө төгрөг8 буцалтгүй тусламж хүссэнгүй. Харин хүнд хэцүү цагт нь тусалж, дэмжихэд бэлэн гэдгийг чухалчилж үзэж буйгаа өөрийн биеэр очиж үзүүллээ.

БНХАУ-д шинэ коронавирусын халдвар дэгдэж маш олон хүн эрүүл, мэнд амь насаараа хохироод буй билээ. Тиймээс уг хүнд цагт манай улс БНХАУ-тай мөнхийн найрсаг хөрш гэдгээ л олон улсад харуулав.

Хэрэг зорилгын хувьд олон өнгөтэй байж болох ч өвчин дэгдсэн үед зочилж бас ч үгүй 30 мянган хониор хандив өргөсөн Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал энэ өдрүүдэд БНХАУ-ын олон нийтийн сүлжээ, хэвлэлийн хэрэгслийг шуугиулж байна.

Тус улсын хэвлэлүүд Монгол улсад нэг хонь 500-600 мянган төгрөгийн ханштай. 30 мянган хонь өгсөн нь 50-60 юаньтай тэнцэх тусламж үзүүлж байна гэсэн үг хэмээн бичиж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Ши Жиньпинтэй уулзаж хэлэлцээ хийсэн юм.

-ШИ ЖИНЬПИН: ЦАР ТАХАЛ ҮҮССЭНИЙ ДАРАА МАНАЙ ОРОНД АЙЛЧИЛЖ
БУЙ АНХНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛЛОО-

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Та Монгол улсын уламжлалт Цагаан сарын баярын амралтын дараах ажлын эхний өдөр айлчилж ирсэнд маш баяртай байна. Тавтай морилно уу. Хятадын засгийн газар болон Хятадын ард иргэд шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгааны эсрэг бүх хүчээрээ тэмцэж буй үйл явцад бид Монгол улсын Засгийн газар болон ард иргэдийн цаг алдалгүй үзүүлсэн эрхэм нандин тус дэмжлэгийг хүртсэн юм. Энэ удаа халдварт өвчин дэгдсэнээс хойших Хятад улсад айлчилсан анхны гадаадын төрийн тэргүүн болж, Хятад улсад тусгайлан хүрэлцэн ирж, сэтгэл нэгтэй, туслан дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэхүү үйл ажиллагааны гүн гүнзгий ач холбогдол нь Хятад, Монгол хоёр орны харилцааны хойшдын хөгжлийг эрчимтэй хүчээр сэлбэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэ нь мөн ч Хятад Монгол хоёр хөрш харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгадгийг бодитойгоор харуулсан юм ” гэжээ.

Ши Жиньпин Х.Баттулгад тахлын эсрэг тэмцэж буй одоогийн байдлыг танилцуулахын зэрэгцээ энэ хавар гэхэд ядуурлаас бүрмөсөн гарах чухал үүргээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Мөн дотоодын ард иргэдийнхээ амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хариуцах төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн өмнө хариуцлагаа ухамсарлана. Бид ил тод, хариуцлага хүлээсэн байр сууриар олон улстай хамтран ажилласаар ирснийг ДЭМБ болон олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж, нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Хятад Монголын харилцааг хөгжүүлэхэд Хятад улс маш их ач холбогдол өгч, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, "Бүс ба Зам" -ын хамтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тусийг өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Харин манай Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, Монгол улс БНХАУ бол иж бүрэн стратегийн түнш орон.  Монгол улсын ард иргэд БНХАУ-ын ард иргэдтэй хамт байгаа бөгөөд хүндрэл бэрхшээлтэй энэ үед жаргал зовлонгоо хамт туулахад бэлэн байна гэжээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол улсын хэмжээнд “Мөнхийн хөрш энхийн тусламж” хэмээх тахлын эсрэг тэмцэж буй Хятад улсад туслалцаа үзүүлэх хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, Монгол улсын нийгмийн олон салбарынхан идэвхтэй оролцож байна. Монгол улс БНХАУ-д үзүүлсэн тусламжийнхаа дээр 30 мянган хонь хандивлаж, Монгол улсын ард түмний сэтгэлийг илэрхийлэхэд бэлэн байна. Ши Жиньпин даргын хүчтэй удирдлагаар Хятадын ард түмэн тахал өвчнийг аль болох хурдан таслан зогсоож, хүндрэл бэрхшээлийг даван туулаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилгоо биелүүлэн, улс ард нь амгалан тайван болно гэдэгт итгэлтэй байна.  БНХАУ-ын эргэн тойрны орондоо хандан хэрэгжүүлж буй элгэмсэг дотно, чин үнэнч, хөнгөлөлттэй, хүртээмжтэй бодлогыг Монгол улс өндөр үнэлдэг. БНХАУ-тай хамтран найрсаг хөршийн найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд тууштай байсаар ирсэн бөгөөд улс төрийн итгэлцэл, туслалцааг улмаар гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр талын харилцаанд улам илүү ахиц дэвшил гаргахад бэлэн байна. Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монгол улсын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна хэмээгээд Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан юм.

-БНХАУ-ЫН ДҮГНЭЛТ: СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ, ХҮНИЙ САЙНЫГ
ХАНИЛАН БАЙЖ МЭДНЭ ГЭДЭГ-

Өчигдөр үдээс хойш Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь айлчлалыг дүгнэсэн хэвлэлийн бага хурлыг хийв.

Тэрээр Монгол улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж буйтай холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, “Ерөнхийлөгч Х. Баттулга энэ удаа БНХАУ-д тусгай айлчлал хийж буй нь өвчин тахлын эсрэг Хятад улсын тэмцлийг шуурхай дэмжиж буйг харуулсан юм. Хятад улс үүнд маш талархаж байна. Монгол Улс Хятад улстай гүн гүнзгий найрамдалт харилцаатай байгааг харууллаа. Хоёр орны удирдагчдын улс төрийн хүчтэй удирдлагаар Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам өндөр төвшинд хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хятад Монгол бол уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Саахалт айлын санаа нэг, хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг яван байж мэднэ гэдэг үг бий. Бид Хятад Монголын ард түмний найрсаг уламжлалыг улам бэхжүүлж, Хятад, Монголын харилцааг цаашид хөгжүүлэхийг эрчимтэй дэмжинэ” гэжээ.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ II ЭМНЭЛЭГТ ТУСГААРЛАЛАА-

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалаа өндөрлүүлээд 22.00 цагийн үед эх орондоо ирсэн юм. Халдвар тархсан бүс нутагт айлчилсан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг II эмнэлэгт тусгаарлалаа. Тэднийг 14 хоног тусгаарлаж биеийн байдлыг нь ажиглах юм.

Харин айлчлалын баг бүрэлдэхүүнийг Жаргалантын аман дахь сувилалд тусгаарлажээ. 

Халдвар тархсан бүс нутагт айлчилж өвчин чирж ирэх нь хэмээн ихэд шүүмжлүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлал улс төрийн хувьд ямар ч зорилготой байсан бид улс орныхоо нэр хүндийг өсгөсөн зоригтой үйлдлийг хийв. Энэ дагуу гадаад орчинд Монголын нэр хүнд нэг шат өсөв.