БАРИМТ: Гишүүд, сайд нарын нэр хүндээ өсгөхийн тулд малчид, тариаланчдад гардуулдаг "Улсын аварга" шагналд 1.7 тэрбумыг төсвөөс зарцуулжээ

БАРИМТ: Гишүүд, сайд нарын нэр хүндээ өсгөхийн тулд малчид, тариаланчдад гардуулдаг "Улсын аварга" шагналд 1.7 тэрбумыг төсвөөс зарцуулжээ

Жил бүр Сар шинийн баярын өмнө улс, аймгийн аварга малчин, тариаланчдыг тодруулж, үйл хэргийг нь алдаршуулдаг.

-ГАНЦ МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД ГЭЛТГҮЙ ТУХАЙН НУТАГ ОРНООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН, САЙД НАР Ч ТУС ШАГНАЛЫГ ХӨӨЦӨЛДӨХӨД ОРОЛЦОЖ ГҮЙХ НЬ ЭЛБЭГ-

Уг шагналыг авахын тулд малчин, тариаланчид  Монгол Улсын Засгийн газраас гаргасан журамд тавигдсан шаардлага, шалгуурыг ханган холбогдох материалаа харьяа аймаг, сумаараа дамжуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлдэг. Эхний шүүлтүүрийг салбар яам хийж, нэрсийг тодорхой болгосны дараа Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг юм. Өөрөөр хэлбэл, олон шат дамжлагатай  өндөр шалгуурыг давж, их өрсөлдөөнөөс тодордог гэсэн үг.

Энэ бол малчдын хувьд эрхэм хүндтэй шагнал агаад нэр төр, амбицын илэрхийлэл юм. Тиймээс ганц малчид, тариаланчид гэлтгүй тухайн нутаг орноос сонгогдсон УИХ-ын гишүүн, сайд нар ч шагнал хөөцөлдөхөд оролцож гүйх нь элбэг.  УИХ-ын гишүүд, сайд нар сонгогдсон нутаг, орноосоо шалгарсан малчин, тариаланчдад улсын аваргынх нь шагналыг өгөхөөр Сар шинийн баярын өмнө байнгын хороо, чуулганы хурлаа орхиод алга болдог. Хурлаа тасалсан гишүүд ганган дээл, малгайгаа өмсчихсөн  хөдөөний айл, бужигнасан олон, тансаг ширээний ард шагнал гардуулаад зогсож байдаг дүр зураг хэдийнэ иргэдийн сэтгэлд хоногшсон. Эл үйл явдал сонгуулийн өмнөх жилийн Сар шинийн баяраар илүү идэвхжих бөгөөд гардуулж буй улс төрчдөө бол ихээхэн ашигтай арга хэмжээ. Тэгвэл улсын аварга малчин өрх, тариаланч, саальчинд шагнал гардуулахад хэдэн төгрөг зарцуулдаг вэ. Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хийсэн  аудитын шалгалтаар тодорхой болгожээ. 

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар тус яам нь өнгөрсөн онд Улсын аварга малчин, хошой аварга малчин, саальчин, фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулж, шагналд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1 тэрбум 224 сая төгрөгийг, яамны урсгал төсвийн сайн малчин хөтөлбөрөөс 391 сая 702 мянган төгрөгийг тус, тус санхүүжүүлсэн байна.

-УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, СААЛЬЧИНД ОЛГОХ ШАГНАЛД ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ ЖИЛЭЭС ЖИЛД ХЭД ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

2024 оны нэгдүгээр сард  280 орчим иргэнд улсын аварга, хошой аварга, тариаланч, саальчин шагналыг олгосон. Тодруулбал, Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан.

Тэдгээрт олгох дурсгалын цомонд 2023 онд 65.9 сая төгрөгийг төсөвлөж байсан бол энэ онд  хоёр дахин их буюу 183.6 сая төгрөгийг зарцуулсан байгаа юм.

Харин бэлэг дурсгалд дагалддаг Улсын аварга малчин, хошой аварга малчин, фермер, саальчинд олгох гуулин бүслүүртэй модон хувинд 50.4 сая төгрөгийг  төсөвлөсөн байна. Сануулахад, 2023 онд тус хувинд 22.4 саяыг төсөвлөж байжээ. Мөн аварга малчин, хошой аваргуудад олгодог мөнгөн аяганы төсөвт 2022 онд 62.4 сая,  2023 онд 78.8 сая, 2024 онд 159.6 саяыг зарсан байгаа юм. Огцом өсөлт бол энэ юм. Мөн  2024 онд олгосон “Аварга тариаланч хамт олон”-ы цомын тендерийг 2023 онд зарлахдаа  50 сая төгрөг гэжээ.

Уг шагналд 2022 онд 26.4 сая, 2023 онд 32 саяыг зарцуулж байсан бол мөн өссөн гэсэн үг. Цаашлаад  Аварга тариаланч, тариаланч хамт олонд олгодог алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяганд 60.5 сая төгрөг, өргөмжлөл, цолны үнэмлэхэд 33.6 сая төгрөг, тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбонд 33 сая, Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багцад  33.6 сая төгрөг зэргийг тус, тус зарцуулсан байгаа юм. Эдгээрийн төсөв нь жил бүр өссөөр нийт 1.7 тэрбумыг зарцуулсан нь энэ аж.