Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2024.11.12/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл Н.Алтанцэцэг ярихдаа, "Монгол Улсаас бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг маш сайн харж ханддаг. Гэтэл монголд эдгээр хүүхдүүдийг хөсөр хаясаар байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Нэг жишээ дурдъя, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайд байхад нь эрт илрүүлгийн аппарат авч өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Энэхүү аппарат нь 21 аймагт байх шаардлагатай. Гэтэл 17 аймагт энэхүү аппарат байхгүй байна. Уг эрт илрүүлгийн аппарат нь байлаа ч тухайн төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчин байхгүй. Энэ мэт асуудал дээр шат шатны байгууллагууд нь анхаарлаа хандуулмаар байна" гэсэн юм.
Мөн тэд, "Монголд 12 мянга 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Үүний 1500 орчим нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байна. 494 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдгаас 262 хүүхэд тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуульд суралцаж байна. Жилд 70-90 сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрдөг. Тиймээс холбогдох шийдвэр гаргадаг мэргэжлийн хүмүүс нь эдгээр хүүхдүүдийг тэгш сурч боловсрох, хөгжих эрхээр хангаж өгөхийг хүсч байна" гэлээ.