Г.Дэлгэрмаа: ДАШТ-ийн үеэр өрсөлдөж буй тамирчныхаа 5-6 нүүдлийг урьдчилан тооцоолж тоглосон /ВИДЕО/

Г.Дэлгэрмаа: ДАШТ-ийн үеэр өрсөлдөж буй тамирчныхаа 5-6 нүүдлийг урьдчилан тооцоолж тоглосон /ВИДЕО/

Оюун ухааны хурд хүчийг нэгэн цэгт төвлөрүүлдэг спорт бол хөлөгт тоглоомын спорт билээ. Иймд хүүхэд багачуудад үлгэр жишээ болгох үүднээс энэ удаагийнхаа “Social ID” буландаа 100 буудалт даамаар хичээллэж, энэ жилийн дээд амжилт болох Өсвөрийн Дэлхий аваргын гурван алтан цомыг хүртээд буй Г.Дэлгэрмаа охиныг урьж ярилцлаа.

Тэрбээр Бүгд найрамдах Польш улсад 2024 оны 10 дугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 02-ний хооронд болсон 100 буудалт даамын Өсвөр үе, залуучуудын дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 9-10 насны охидын ангилалд  үндсэн, түргэвчилсэн, түргэн гэсэн гурван төрөлд аварга болж, энэ жилийн ДАШТ-ий бүх ангилалд түрүүлсэн Монгол улсын цорын ганц тамирчин болсон юм.

ВИДЕО:

-"100 БУУДАЛТ ДААМЫН СПОРТООР ДӨРВӨН НАСТАЙГААСАА ЭХЛЭН ХИЧЭЭЛЛЭСЭН"- 

-Сайн байна уу. Юуны өмнө үзэгчдэдээ өөрийгөө танилцуулахгүй юу. Одоо хаана, ямар сургуульд сурч байгаа вэ?

-Сайн байцгаана уу? Намайг Ганбатын Дэлгэрмаа гэдэг. Би 10 настай “Оюут” бага сургуулийн тавдугаар ангид сурдаг. “Хөлөгт тоглоом” клубт хичээллэдэг. Одоо Дэлхийн даамны холбооны “Дэд мастер" цолтой. 100 буудалт даамны спортоор хичээллээд 6 дахь жилдээ болж байна.

-Анх яагаад 100 буудалт даамын спортоор хичээлэх болов. Гэр бүлд нь чамаас өөр тоглодог хүн байсан уу?

-Манай эгч дөрвөн настайгаасаа 100 буудалт даамны спортоор хичээллэж, зургаан насандаа Ази тивийн аварга болж байсан. Түүнийг хараад би ч мөн адил медаль авч, онгоцонд суугаад олон улсаар явж үзэхийг хүсэж байсан болохоор дэлхийн аварга болох зорилгыг өөртөө тавьж, дөрвөн настайгаасаа 100 буудалт даамаар хичээллэж эхэлсэн.

-ДЭЛХИЙН АВАРГЫН БЭЛТГЭЛДЭЭ ЗОРИУЛЖ ӨДӨРТ 8-9 ЦАГИЙГ ДААМ ТОГЛОЖ ӨНГӨРӨӨДӨГ- 

-Энгийн бэлтгэлийн цаг нь өдөрт хэдэн цаг байдаг вэ. Мөн дэлхийн аваргын тэмцээнийхээ бэлтгэлд гараад яг хэдэн цагийг бэлтгэлдээ зориулж байна?

-Тэмцээнгүй үед долоо хоногийн гурав өдөрт дөрвөн цагаар хичээллэдэг.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ 12-р сараас бэлдэж эхлээд, өдрийн 8-9 цагийг зөвхөн бэлтгэлдээ зориулдаг байсан.

-Дэлхийн аваргын тэмцээнд гэр бүлийнхэнтэйгээ хамт биш ганцаараа явсан байх. Сандарч, айх зүйлс гарав уу? 

-Би даамны багийнхаа үеийн хүүхдүүдтэйгээ хамт явсан болохоор айж сандарсан зүйл байгаагүй ээ. Бүх цаг үед тэмцээнийхээ тоглолтынхоо тухай бодож байсан болохоор аав ээжийгээ санах нь ч бага байсан. 

-ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНДЭЭ НЭГ Ч ӨРӨГИЙН ХОЖИГДОЛГҮЙГЭЭР ТОГЛОЛТОО ДУУСГАЖ, ҮНЭМЛЭХҮЙ АВАРГА БОЛСОН- 

-Дэлхийн аварга болно гэж бодож байв уу. Яг ямар мэдрэмж сэтгэгдэл төрж байв?

-Дэлхийн аваргаас үндсэн төрөл дээр медальт байранд орох байх гэж бодож байсан хэдий ч оролцсон гурван төрөлдөө бүгдэд нь түрүүлсэн. Сэтгэгдэл маш өндөр байсан. Хамгийн түрүүнд ээж рүү гээ залгаж ярьсан.

-Тоглолтдоо баримталдаг зарчим байдаг уу?

-Би эсрэг талын тамирчныхаа нүүдлийг хаах үүднээс хошуучилсан нүүдлээр гараагаа эхэлдэг.  Баримталдаг зарчим гэвэл даам тоглох үедээ эсрэг талын тамирчныхаа таваас зургаан нүүдлийг урьдчилан тооцоолж тоглодог доо. 

-Дэлхийн аваргын тэмцээнд таарсан хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?  

-Дэлхийн аваргын тэмцээний тоглолт өдөрт 8-9 цаг үргэлжилж байсан. Миний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хятадын тамирчин байсан. Түүнтэй тоглохдоо л хамгийн их бодож тоглосон доо.

-Медаль аваад эх орондоо ирэхэд маш олон хүмүүс тосож авсан байх. Ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Дэлхийн аваргын тэмцээн дуусаад Монголдоо ирэхэд тийм олон хүн ирнэ гэж бодоогүй байсан хэдий ч бүр Завханаас хүртэл хамаатнууд маань ирсэн байсан. Мөн ангийхан маань бүгд ирсэн байсныг хараад маш их гайхаж баярлах мэдрэмж төрсөн дөө.

-ДАШТ-ий гурван төрөлд бүгдэд нь түрүүлчихлээ. Одоо цаашдын зорилго, зорилт нь юу байна?  

- ДАШТ-ээс хамгийн гайхалтай санагдсан зүйл гэвэл улсынхаа туг далбааг нөмрөөд төрийн дууллаа эгшиглүүлэх явдал байсан. Миний дараагийн зорилго гэвэл насанд хүрэгчдийн тэмцээндээ амжилтаа ахиулж, “Их мастер” цолны болзол хангахыг хүсдэг.