Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж, түүнийг нийт таван хэрэг холбогдуулан 4 жил 9 сарын хорих ял оноосон байдаг. Улмаар давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 07-ны өдөр болсон ч Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу 4 жил 9 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ.
Тэгвэл эл хэргийг олон улсын хэвлэлүүд анхааралтай ажиглаж, Монгол Улсыг ардчиллаасаа ухарч буй нэг хэлбэр, монголын хэвлэлийн эрх чөлөөг боомилж мэдэх аюултай жишиг тогтлоо хэмээн харж, бас бичиж байна. Иймд энэхүү хэргийг олон улсын хэвлэлүүд, судлаачид юу гэж харж, бичиж байгаа талаар орчуулан хүргэж байна.
RSF буюу Хил хязгааргүй сурвалжлагчид, “Энэ оны эхээр хорих ял сонссон Монголын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болж байгаа энэ үед “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагад хуулийн үйл явц ил тод бус байгаа нь түгшүүр төрүүлж байна. Хаалттай хаалганы цаана болох уг шүүх хурал нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг хэлмэгдүүлэх замыг нээж мэдэх аюултай жишиг тогтлоо” хэмээн бичжээ. Өнгөрсөн долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болсон шүүх хурлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оноосон юм.
Тодруулбал, Н.Өнөрцэцэгийг “Татвараас зайлсхийсэн”, “Хувийн мэдээллийг задруулсан”, “Төрийн нууцыг хууль бусаар олж авсан, хадгалсан”, “Мөнгө угаасан”, “Худал мэдээлэл тараасан” гэсэн таван зүйл ангиар буруутгасан.
-МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ЭРХЭМЛЭНЭ ГЭСЭН Ч СҮҮЛИЙН ҮЕД МОНГОЛД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ МУУДСААР БАЙНА-
Үндэсний аюулгүй байдал, насанд хүрээгүй хүний нууц мэдээллийг хамгаалж байгаа гэх үндэслэлээр энэ удаагийн шүүх хурлыг ч мөн хаалттай явуулсан юм. Энэ талаар олон улсын хэвлэлд, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх аливаа мэдээллийг задруулж, гацааж байгаа нь сэтгэл түгшээж буй дохио юм. Монголын иргэний нийгмийнхэн анхан шатны шүүх хурлыг нэлээд шүүмжилж, сэтгүүлчийн буруу байлаа ч шүүх хурлыг хаалттай явуулах нь буруу гэдгийг онцолсон. Монголын хэвлэлийн эрх чөлөөний төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд энэхүү шийдвэр нь шүүхийн нээлттэй, ил тод байх зарчимд харшилж, “хэвлэл мэдээллийн салбарын үйл явцыг урьдчилан тааварлах боломжгүй, айлган сүрдүүлж байж болзошгүй” гэж мэдээлжээ.
Хэргийг дахин хянан хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хурлыг ил тод, олон нийтэд аль болох нээлттэй явуулахыг шаардсан ч хаалттай боллоо.
Мөн үргэлжлүүлэн, "Н.Өнөрцэцэг нь Монголын өндөр албан тушаалтнуудын авлига, мөнгө угаасан хэргийг илрүүлж байсан бөгөөд өмнө нь түүнийг 16 удаа нэр төрд халдсан хэргээр шалгаж байсан гэх. Одоо үргэлжилж байгаа энэ хэрэгт түүнийг эхлээд олон нийтийн сүлжээгээр Монголын шүүхийн тогтолцоог шүүмжилсэн, Шүүхийн нэр төрд халдсан, “худал мэдээлэл тараасан” хэргээр шалгаж, улмаар ноцтой зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сард баривчлагдаж, хоёр сар гаруй хоригдож, улмаар гэрийн хорионд ороод байсан ч шүүх хурлын дараа ийнхүү шоронд орсон байна. Ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг гэж Монгол Улсын Засгийн газар мэдэгдэж байсан ч сүүлийн үед Монголд хэвлэлийн эрх чөлөө мэдэгдэхүйц муудаж байна.
RSF-ийн 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 газар нутгаас 109-д жагссан Монгол Улс 2020 оноос хойш 36 байраар ухарч, сэтгүүлчдийн эсрэг хууль бус хэрэг маргаан байнга гардаг, хэвлэл мэдээллийн өмчийн төвлөрөл улам бүр нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан хэвлэлийн эрх чөлөөний байдлыг “хэцүү” гэж үзэж байха. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлж буй улс төрийн эрх мэдэлтнүүдийн дундах улс төрийн дарамт, авлига улам л газар авсаар байна хэмээн олон улсын хэвлэлүүдэд бичжээ.