Энэ долоо хоногийн эхээр буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр "МИАТ" ТӨХК нь ажилчдын цалингаа тавьж чадахгүй дампуурлын байдалд орсон ч захирлууд нь нуусаар байна уу" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, уг мэдээлэл нь олны анхаарлыг татсан.
Харин тухайн мэдээлэл нь худал болохыг МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир баримтаар тайлбарласан. Мөн тус компани тун удахгүй энэ жилийн 1 сая дахь зорчигчоо тодруулна гэдгээ мэдэгдээд байгаа. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх худал мэдээлэл түгээсэн этгээдүүдийг олж тогтоохоор нэр бүхий хүмүүс хуулийн байгууллагад хандаад байгаа аж. Тэгвэл улс төрийн зорилготой байж болзошгүй түгээсэн тухайн худал мэдээлэл нь олон улсын анхаарлыг татаж эхэлжээ. Тухайлбал, агаарын тээврийн салбарын мэдээ мэдээлэл бэлтгэн гардаг "ch aviation" мэдээллийн сайтад энэ талаарх мэдээлэл гарсан байна.
Тус мэдээлэлд "МИАТ-тэй холбоотой худалд мэдээлэлд тус байгууллагын захирал Б.Мөнхтамир тайлбар өгсөн" талаар дурджээ. Товчхондоо цөөн хэдэн хүний улс төрийн зорилготой байж болзошгүй энэ мэт худал мэдээлэл нь олон улсын анхаарлын төвд орж, асуудал дагуулах эрсдэлтэй гэдгийг харуулж байгаа юм. Учир нь МИАТ ТӨХК нь Монгол Улсын нүүр царай болж, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд тэдний нэр хүнд, үйл ажиллагаа зөвхөн Монголчуудын анхааралд бус олон улсын хэмжээнд яригддаг асуудал юм.