“Мобиком” корпораци өнгөрөгч баасан гаригт буюу 2024.11.01-ний өдөр нэгэн мэдэгдэл цахим хуудастаа нийтэлсэн.
Тус мэдэгдэлд, “задгай ярианы тариф сүлжээ харгалзахгүй 70 төгрөг, мессеж тариф сүлжээ харгалзахгүй 25 төгрөг” болгосон гэх бөгөөд энэхүү шийдвэрээ 2024.12.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэнэ гэсэн байлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр энгийн мобиком дугаартай хэрэглэгч сүлжээндээ 50 төгрөг, бусад сүлжээнд 70 төгрөгөөр ярьдаг аж.
Дээрх мэдэгдэл нь ярианы тарифыг хямдруулсан мэт ойлголтыг олон нийтэд өгч байгаа ч, яг үнэндээ энгийн мобиком дугаартай хэрэглэгч сүлжээндээ минут тутамд 20 төгрөг нэмж төлөхөөр болсон байна.
Үүрэн холбооны үнэ тариф нь инфляцыг тооцдог бүтээгдэхүүний хэрэглээний сагс дахь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний нэг бөгөөд үүрэн телефоны ярианы тариф ийнхүү нэмэгдэж байгаа нь инфляц өсөхөд нөлөөлөх магадлалтай юм. Магадгүй энэхүү үнийн өсөлт нь цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэлтэй холбоотой байж магадгүй бөгөөд мөн үүнийг дагаад бусад үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч яриа, мессежний үнээ нэмж магадгүй юм.