Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 2010 оны 63, "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 2021 оны 58 дугаар зарлиг, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Жижиг гол, горхины эх, татмыг ойжуулах тухай” 06 дугаар албан даалгавар, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулах тухай 2024 оны А/238 дугаар тушаал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах” Д/24-22 дугаар гэрээний хэрэгжилтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2024 оны намрын мод тарих арга хэмжээг “Ногоон хот – Иргэний оролцоо” уриатайгаар 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
2024 оны намрын байдлаар нийслэлд нийтийн эзэмшлийн 67084 м2 талбайд зүлэгжүүлэлт, 19851 м2 талбайд цэцгийн мандал байгуулж, гэр хорооллын 15974 айл өрх хашаандаа 44425 ширхэг мод тарьж, 23084 иргэн, 1052 аж ахуйн нэгж байгууллага 559802 мод бут сөөгийг тарьж агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр орууллаа.
Мод тарьсан байршил:
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн - 8267
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас - 10570
- Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”- 1671
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”- 1292
- Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”- 13846
- Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”- 256
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам - 1680
- Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"- 30460
Модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд 5 байршилд зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Байршил: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо ЗГХА Ойн газрын харьяа “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Барилгачдын талбай, Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо “Тэнгэр плаза худалдааны төв”-ийн гадна талбай, Хан-уул дүүрэг 8 дугаар хороо наадамчдын зам, “ICPark буюу Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн”, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Номин худалдааны төвийн зам дагуу гэх мэт байршлуудад үзэсгэлэн гаргав.
Нийслэлийн хэмжээнд шилмүүст болон навчит төрлийн модны 12 зүйлийн 559802 мод бут сөөгийг тарьж агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр орууллаа.
Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд “Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 8 байршилд нийтийн эзэмшлийн 177.198 м2 талбайд зүлэгжүүлэлт, 40796.3 м2 талбайд цэцгийн мандал байгуулж, гэр хорооллын 46588 айл өрх хашаандаа 157577 ширхэг мод тарьж, 64277 иргэн, 3103 аж ахуйн нэгж байгууллага нийт 1.150.961 мод сөөгийг тарьсан бөгөөд 2021-2024 онуудад нийт 3.369.619 ширхэг мод бут таригдаж, 95 хувийн амьдралтай байна.