Хот байгуулалт, хотын стандартын газраас хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор “Хоосон таваг” аяныг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс зохион байгуулж эхэлжээ.
Тус байгууллагаас өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байсан. Харин энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж эхэлжээ. Хүнсний органик хаягдал нь хурдан хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой гэж Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болор онцолсон юм.