Жагсаал хийхэд Засаг даргаас зөвшөөрөл авдаггүй болох, албадан тарааж, саатуулахыг хориглосон өөрчлөлтийг Жагсаал, цуглааны тухай хуульд оруулна

Жагсаал хийхэд Засаг даргаас зөвшөөрөл авдаггүй болох, албадан тарааж, саатуулахыг хориглосон өөрчлөлтийг Жагсаал, цуглааны тухай хуульд оруулна

Манай улс анх 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуультай болсон. Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 2005 онд тус хуульд өөрчлөлт оруулж, тодорхой 31 заалтыг өөрчилсөн байдаг. Энэ өөрчлөлтийг хийгээд даруй 20 жил болсон ч дахин өөрчилж, шинэчилсэнгүй. Өөрөөр хэлбэл, жагсаал, цуглааны тоо эрс нэмэгдэж, хэлбэр нь өөрчлөгдөж буй ч түүнийг зохицуулдаг хууль аль 20 жилийн өмнөхдөө гацсан гэсэн үг юм.

-ХЗДХЯ БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ НАРЫН БОЛОВСРУУЛСАН ХУУЛИАР ЖАГСААЛ, ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ЗАСАГ ДАРГААС ЗӨВШӨӨРӨЛ АВДАГГҮЙ БОЛОХООР БАЙВ-

Өнгөрсөн парламентын хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж, иргэдээс саналыг нь хүртэл авсан ч хэлэлцүүлж чадалгүй дараагийн парламентын хугацааг эхлүүлэв. Тиймээс хуулийн дагуу дээрх хуулиудыг хууль санаачлагчдад нь буцаасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2021 онд тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан бөгөөд гол агуулга нь жагсаал, цуглаан зохион байгуулахдаа “Тухайн нэгжийн Засаг даргад мэдэгдэж зөвшөөрөл авдаг байсныг зөвхөн мэдэгддэг” болгон зөвшөөрлийн биш мэдэгдлийн тогтолцоо руу бүрэн шилжүүлэх, “Аяндаа үүссэн цуглаан”-аас мэдэгдэл авдаггүй болгоход зорьж байв.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулсан хууль нь шинэчилсэн найруулга байсан бөгөөд “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль” хэмээн нэрийдэж мөн л үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ Засаг даргаас зөвшөөрөл авдаггүй болгох зорилготой байлаа. Тэгвэл энэ удаагийн парламент нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгохоор ажиллаж эхэлжээ.

Бүр нэлээн олон гишүүнтэй ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаар ахлуулсан байна. Тус ажлын хэсгийн анхны уулзалт өчигдөр /2024.10.22/ болж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцжээ. Тэд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгохоос гадна ЖУРМЫН гэх тодотголтой нэрийг хүртэл сольж магадгүй байгаа аж. Учир нь нэрнээсээ эхлээд журамлана гэх ойлголтыг өгч болохгүй гэж үзсэн байна. 

Тэд жагсаал, цуглааны үеэр яавал хүний эрх хангагдах вэ, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлэхдээ заавал хэн нэгнээс зөвшөөрөл авдгийг болиулах уу мөн жагсаалыг албадан тарааж иргэдийг хорьж, саатуулдаг байдлыг яаж хуульчлах зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн тун удахгүй жагсаал зохион байгуулагчид, жагсагчид, Хүний эрхийн үндэсний комисс, дүүргийн Засаг дарга нар, цагдаагийн алба хаагчид гээд бүхий л талын төлөөллийг оролцуулсан уулзалтыг хийж саналыг нь албан ёсоор авах нь. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар жагсаал зохион байгуулагчид нь гурван өдрийн өмнө Засаг даргад мэдэгдэл хүргүүлэх ёстой. Мэдэгдлийг бүртгэсэн эсэх хариуг Засаг дарга мөн ажлын гурван өдрийн дотор өгнө. Хэрэв Засаг дарга бүртгэхээс татгалзвал жагсаал зохион байгуулах гэж буй хүмүүс шүүхэд хандах эрхтэй юм. Харин шүүх ажлын зургаан өдрийн дотор Засаг дарга татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх ёстой. Үүнээс харвал мэдэгдэл хүргүүлэхээс эхлээд жагсаал, цуглаан хийх хүртэл нийт ажлын есөн өдөр зарцуулахаар байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ заалтыг ашиглан тухайн дүүргийн Засаг дарга нар сүбьектив хандлага гаргах тохиолдол их байсан юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг ЭНД дарж унших.

-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМААГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ "ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨХГҮЙ БАЙХАД АНХААРЧ ТӨСЛӨӨ БОЛОВСРУУЛНА ГЭВ-

Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг нь үүнийг өөрчлөхөд гол анхаарлаа хандуулж ажиллах аж. Ямартай ч тэд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн жагсаалын хууль мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, О.Цогтгэрэл гишүүний боловсруулсан хуулийг нэгтгэн дүгнэх бөгөөд дундаас нь хамгийн сайн хувилбарыг гаргахаар зорино гэдгийг хэлж байлаа. Хамгийн гол концевци нь хүний эрхийг хангахад төвлөрнө гэдгийг ажлын хэсгийн гишүүд ярьж байна. Эргэн сануулахад, 2022 оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбайд олон хоног үргэлжилсэн Нүүрсний гэх жагсаалыг албадан тараах захирамжийг тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар гаргаж байлаа. Энэ бол зохион байгуулалтгүйгээр тухайн цаг үеийн асуудлаас үүдэн иргэд өөрсдөө нэгдсэн “Аяндаа цугласан жагсаал”-ыг өнөө хүртэл хуулиар томьёолж өгөөгүйгээс жагсаалыг албадан тараах, уг цуглааны сэдлийг төрүүлсэн залуусыг  зөрчлийн хуулиар шийтгэсэн жишээ. Улмаар ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн жагсах, цуглах эрхийг ч зөвшөөрлөөр болон хүчээр хорих оролдлогууд сүүлийн 2 жилийн туршид үргэлжилсэн юм. Иргэдэд заяагдсан үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхийг хангаж чадах хуулийг боловсруулах хүлээлтийг тус ажлын хэсэг олон нийтэд үүсгэлээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө